“Stray Kids” хамтлагийн гишүүн Феликс есдүгээр сарын 15-нд тохиосон төрсөн өдрөө тэмдэглэн, хүүхдүүдийн эмчилгээ, боловсрол болон Непалын үерийн гамшгийн тусламжид зориулж нийт 300 сая вон хандивлажээ. Түүний харьяалагддаг “JYP Entertainment” энэ талаар мэдээлсэн байна.
Феликс “Samsung Seoul Hospital” болон “Seoul National University Children’s Hospital”-д тус бүр 100 сая вон хандивласан байна. Эхний хандивыг хүүхэд, өсвөр насныхны хорт хавдрын эмчилгээний зардалд, хоёр дахь хандивыг эмзэг бүлгийн гэр бүлийн хүүхдүүдийн эмчилгээнд зориулах аж.
Үлдсэн 100 сая воныг Books International болон БНСУ-ын НҮБ-ын Хүүхдийн сангийн хороо (UNICEF Korea)-д тус бүр 50 сая воноор өгчээ. “Books International”-д өгсөн хөрөнгөөр хүүхдүүдэд зориулсан төрөлх хэл дээрх зурагт ном бүтээх, соёлын боловсрол, ойлголтыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг дэмжих бол “UNICEF Korea”-д өгсөн хандивыг Непалын хүчтэй үерийн гамшгийн яаралтай тусламжид зарцуулах юм.
Феликс хандивынхаа талаар “Олон хүүхдийн өдөр хоногууд санаа зовнил бус, цэлмэг итгэл найдвараар дүүрэн байгаасай. Тэдний үнэ цэнтэй өнөөдөр, маргаашид бага ч гэсэн дулаан хүч болж чадна гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээн хэлжээ.
Тэрбээр хүүхдүүдийг дэмжих үйлсэд өмнө нь ч хандив өргөж ирсэн байна. 2024 болон 2025 онд UNICEF, “World Vision” зэрэг байгууллагаар дамжуулан хүүхдийн хоол тэжээл, цэвэр ус, эмчилгээ болон халамжийн хөтөлбөрүүдийг дэмжжээ. Мөн “Stray Kids”-ийн гишүүдийн хамт Өмнөд Солонгосын ойн түймэр болон Хонконгийн галын гамшгийн дараах сэргээн босголтын ажилд хандивласан байна.

