Японы TBS телевизийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй бүтээлүүдийн нэг болох “Вивант” (Vivant) олон ангит уран сайхны кино өнгөрсөн сард Хятад болон Энэтхэгийг оролцуулахгүйгээр Азийн хэмжээнд бусад бүх стриминг контентуудыг үзэлтээрээ тэргүүллээ. Стриминг зах зээлийн судалгааны “ampd Analytics” фирмийн бүсийн сар тутмын чансааны жагсаалтыг түүхэндээ анх удаа Японы олон ангит кино ийнхүү тэргүүлж байгаа нь энэ юм.
Мөн “Вивант” кинонд Монголын чадварлаг уран бүтээлчид болох жүжигчин Батболдын Барслхагва, Ганболдын Эрхэмбаяр, Хатанзоригийн Цасчихэр болон бяцхан жүжигчин Хонгорзулын Нандин-Эрдэнэ нар Холливуд болон Японы А зэрэглэлийн одод болох Сакай Масато, Абэ Хироши нартай эн тэнцүү хэмжээнд голлох дүрүүдийг бүтээж, олон улсын шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Ялангуяа жүжигчин Б.Барслхагвагийн бүтээсэн цагдаагийн офицер Чингисийн дүр нь Япон улсын үзэгчдийн дунд асар их алдар нэрийг дагуулж, сошиал орчинд тренд болж байв.

