Холливудын алтан үеийн домогт бүжигчин, жүжигчин Фред Астерын амьдралаас сэдэвлэсэн “Sony Pictures”-ийн шинэ киноны жүжигчдийн бүрэлдэхүүн улам тодорхой болж байна. Том Холланд Фред Астерын дүрийг бүтээх бол Маргарет Куэлли, Сабрина Карпентер нар тус кинонд тоглохоор болжээ.
Маргарет Куэлли Фред Астерын эгч бөгөөд түүний анхны мэргэжлийн бүжгийн хамтрагч Адель Астерын дүрд тоглоно. Фред, Адель нар Холливудад нэрд гарахаас өмнө “Бродвей” болон Лондоны “West End”-ийн тайзнаа хамтран тоглож, тухайн үеийн алдартай бүжгийн хосуудын нэг болж байжээ.
Харин дуучин, жүжигчин Сабрина Карпентер Фред Астерын хамгийн алдартай дэлгэцийн хамтрагчдын нэг Жинжер Рожерсын дүрийг бүтээх юм. Астер, Рожерс нар 1930-аад онд “Top Hat”, “Swing Time” зэрэг сонгодог бүтээлүүдээрээ кино урлагийн түүхэн дэх хамгийн алдартай бүжгийн хосуудын нэг болсон билээ.
Одоогоор нэрээ аваагүй байгаа уг киног “Paddington”, “Wonka” бүтээлүүдийн найруулагч Пол Кинг найруулна. Тэрбээр Стивен Левенсонтой хамтран зохиолыг бичсэн бөгөөд бүтээл нь Кэтлин Райлигийн “The Astaires: Fred & Adele” номоос сэдэвлэжээ.
Том Холландын хувьд энэ дүр бүжгийн урлагтай дахин холбогдох боломж болж байгаа юм. Тэрбээр жүжигчний карьераа эхлүүлэхдээ Лондоны “West End”-д “Billy Elliot the Musical”-ийн гол дүрд тоглож байжээ. Холланд Фред Астерийн бүжгийн хэсгүүдийг аль болох орлон тоглогчгүйгээр өөрөө гүйцэтгэхийн тулд бэлтгэлээ эхлүүлсэн тухайгаа ярьсан байна.
Фред Астерын охин Ава Астер Маккензи төслийг дэмжиж байгаа бол түүний ач хүү Тайлер Маккензи зөвлөх, хамтран продюсероор ажиллаж байна.

