Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг 35 жилийн ойгоо угтан Монголын тайзны урлагт шинэ хуудас нээх “Норсон зүрх” бүрэн хэмжээний мюзикл бүтээж байна.
Энэхүү бүтээл нь Монгол Улсад анх удаа олон улсын мюзиклийн үйлдвэрлэлийн жишиг, мэргэжлийн стандартад нийцүүлэн хэрэгжиж буй томоохон тайзны төсөл юм. Мюзиклд жүжиглэлт, амьд хөгжим, дуу, бүжиг, тайзны хөдөлгөөн, гэрэлтүүлэг, дуугаралт болон орчин үеийн техникийн шийдлийг цогцоор нь хослуулна.
Төслийг Монгол болон Их Британийн мэргэжлийн уран бүтээлчид хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд дүрийн сонгон шалгаруулалт, хөгжмийн найруулга, бүжиг дэглэлт, дуу, гэрлийн дизайн болон тайзны техникийн шийдлийг олон улсын туршлагад үндэслэн боловсруулж байна.
Мөн төслийн хүрээнд Монголын театр, хөгжмийн салбарын уран бүтээлчдэд зориулсан мастер сургалтуудыг зохион байгуулж, мюзиклийн чиглэлээр мэргэшсэн шинэ үеийн уран бүтээлчдийг хөгжүүлэх зорилготой.
“Норсон зүрх” мюзиклийн дүрүүдэд залуу уран бүтээлчид тоглох бөгөөд 2026 оны арваннэгдүгээр сарын 11-нээс “UG Palace”-т тоглоно.


