Ард түмний гавьяат, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч Лувсаншаравын Содномдорж багшийн нэрэмжит “Нарны заллагатай Айраг-2026” яруу найргийн наадам энэ сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын Соёлын төвд зохион байгуулагдана.
Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадам нь Монголын яруу найргийн өв, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчдийн авьяас билгийг нээн хөгжүүлэх, яруу найргаар дамжуулан ард иргэдийг соён гэгээрүүлэх зорилготой юм.
Наадмыг яруу найрагч Л.Содномдорж багшийн хүү Содномдоржийн Лхамхүү, охин Мишээлт Содномдорж, Айраг сумын Засаг дарга Г.Сүхбаатар, ахмад багш, ажилтан Жаргал Шагж болон Айраг сумын Соёл, спортын төв, Ерөнхий боловсролын сургууль, багшийнх нь гарын шавь Атарцэцэг Дааганчулуун нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Энэ удаагийн наадамд орон нутгаас болон бусад газраас нийт 18 яруу найрагч оролцох бөгөөд үүнээс 15 нь газар газрын яруу найрагч, гурав нь Айраг сумын уран бүтээлчид байх юм.
Наадам гурван үе шаттай үргэлжлэх бөгөөд оролцогчдын бүтээлийг мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн тунгаана. Шалгарсан яруу найрагчдыг мөнгөн шагнал, өргөмжлөлөөр урамшуулах бөгөөд тэргүүн байрт 1.5 сая, дэд байрт нэг сая, гутгаар байрт 500 мянган төгрөгийн шагнал олгоно. Түүнчлэн тусгай байрт шалгарсан 12 яруу найрагч тус бүр 100 мянган төгрөгийн шагнал хүртэнэ.
“Нарны заллагатай Айраг-2026” яруу найргийн наадам нь нэрт яруу найрагч Л.Содномдоржийн уран бүтээлийн өв, сургаал номлолыг хойч үед уламжлуулахын зэрэгцээ яруу найрагт хайртай уран бүтээлчид, уншигчдыг нэгэн дор цуглуулж, монгол хэл, уран зохиолын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.


