Дуучин Келли Кларксон Нью-Йоркийн Бруклин дүүрэгт байрлах нэгэн дэлгүүрт үйлчлүүлэх үеэрээ таагүй харилцаатай тулгарсан гэх мэдэгдлийнхээ дараа дэлгүүрийн эзнийг “бүдүүлэг”, “худалч” хэмээн хурцаар шүүмжилжээ.
Кларксон дэлгүүрт болсон явдлыг 1990 оны “Pretty Woman” киноны алдарт хэсэгтэй зүйрлэсэн байна. Тус кинонд Жулиа Робертсын бүтээсэн дүрийг хувцасны дэлгүүрийн ажилтан дорд үзэж, үл тоомсорлодог.
Дуучны ярьснаар, дэлгүүрт бараа сонирхож байх үед ажилтны хандлага таагүй байсан аж. Харин дэлгүүрийн эзэд түүний мэдэгдэлд хариу өгч, Кларксоны сонирхсон гэх “Molly” нэртэй механик шувууг худалдаалдаггүй, уг эдлэл нь дэлгүүрийн үзүүлбэрийн нэг хэсэг бөгөөд хананд бэхлэгдсэн байдаг хэмээн тайлбарлажээ.
Үүний дараа Кларксон инстаграм хуудсандаа шувууны дэргэд 15 мянган ам.долларын үнийн шошго байсан мэт харагдах зургийг нийтэлж, дэлгүүрийн тайлбарыг няцаасан байна. Тэрбээр дэлгүүрийн эзнийг “Та нар бүдүүлэг байгаад зогсохгүй бас худалч юм байна” хэмээн бичжээ.
Кларксон жижиг бизнесүүдийг дэмждэг ч үйлчлүүлэгчтэй үл хүндэтгэсэн байдлаар харьцахыг зөвтгөх боломжгүй гэж үзсэн байна. Харин дэлгүүрийн эзэд тэдний талаарх шүүмжлэл олон нийтэд тархсанд гайхаж байгаагаа илэрхийлж, үйлчлүүлэгч бүртэй найрсаг харьцдаг хэмээн мэдэгджээ.

