Баян-Өлгий аймгийн музей сан хөмрөгтөө 5448 гаруй үзмэр хадгалдаг бөгөөд өдөрт дунджаар 80-100 хүн үзэж сонирхдог байна. Тус музей жилд дотоод, гадаадын 21 мянга гаруй хүнд үйлчилдэг аж.
Өдгөө Баян-Өлгий аймгийн музейн сан хөмрөгт Б.Хаби агсны ганцаараа авахуулсан гэрэл зураг, Алтайн хязгаарыг гаднын түрэмгийлэгчдээс чөлөөлөх дайнд авч явсан отрядын туг, төр, засгаас хүртээсэн одон, медаль, үнэмлэх, тамга зэрэг цөөнгүй дурсгал хадгалагдаж байна.
Тухайлбал, Б.Хабид төр, засгаас хүртээсэн Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын 25 жилийн ойн медаль, “Улсын сайн малчин” тэмдэг, Улсын сайн малчдын анхны зөвлөгөөнд оролцсонтой нь холбогдуулан Ерөнхий сайдаас олгосон “Сайшаалын үнэмлэх”, бусад үнэмлэх, баримт бичиг музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Мөн Б.Хаби агсны хэрэглэж байсан казах хийцийн тоногтой мөнгөн бүс, тамга, хувцасны индүү, лааны суурь, ташуур зэрэг эд зүйлс хадгалагдан үлджээ.
Эдгээр эд өлгийн зүйлс нь Б.Хаби агсны ажил, амьдралын замнал, тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг тольдон харуулахын зэрэгцээ нутгийн ард иргэдийн ахуй, соёл, уламжлалын онцлогийг хойч үед өвлүүлэн үлдээсэн түүх, соёлын дурсгал юм.


