Дуучин Т.Дэлгэрмөрөн ТВ8 телевизийн “Be Strong” реалити шоуны нийгмийн нөлөөллийн төслийнхөө хүрээнд “Delgermurun Best Hits” VIP тоглолтоо аравдугаар сарын 17-ны бямба гарагт зохион байгуулах гэж байна.
Тоглолт “Michelle Restaurant & Lounge”-д 19:00 цагаас болох бөгөөд “Michelle Live Session” цувралын 10 дахь дугаарт багтаж байгаагаараа онцлог юм.
Энэ үдэш Т.Дэлгэрмөрөн өөрийн шилдэг уран бүтээлүүдээ амьд хөгжмийн өвөрмөц найруулгатайгаар хүргэхээс гадна зочин уран бүтээлчидтэй хамтран үзэгч, сонсогчдодоо онцгой хөгжмийн мэдрэмж бэлэглэхээр болжээ.
Т.Дэлгэрмөрөнгийн хувьд энэхүү тоглолт нь “Be Strong” реалити шоуны хүрээнд хэрэгжүүлж буй нийгмийн нөлөөллийн төслийн нэг хэсэг юм. Тус шоуны оролцогчид өөрсдийн амьдралын өөрчлөлтөөр хязгаарлагдахгүй, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд Т.Дэлгэрмөрөн ганц бие аавуудын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, тэднийг нэгтгэн дэмжих чиглэлээр ажиллаж байна.

