Соёл, спорт, аялал жуулчлалын яам “Улаанбаатар-2014” олон улсын кино наадмыг нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Туркийн Элчин сайдын яам, Монголын Урлагийн зөвлөл болон Монголын кино урлагийн зөвлөлтэй хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулжээ.
Дэлхийн шилдэг кино бүтээл, Туркийн кино өдөрлөг, Берлиний олон улсын кино наадмын дэргэдэх “Дэлхийн кино урлагийн Сан”-ийн шилдэг бүтээлийн өдөрлөг, Монгол кино хөтөлбөр гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдсэн кино наадмаар нийт 16 бүтээлийг олон нийтэд толилуулсан байна.
Дэлхийн шилдэг кино хөтөлбөрийн хүрээнд 2013-2014 онд дэлхийд нээлтээ хийсэн Канн, Берлин, Венец, Торонто, Гётеборг, Токио, Сан Паулу зэрэг олон улсын кино наадамд шалгарсан Австри, Франц, Исланд, Орос, Казакстан, Палестин, Тайланд, Мексик, зэрэг орны 12 шилдэг киног үзэгчдэд хүргэжээ.
Мөн наадмын хүрээнд гадаадын зочид төлөөлөгчид дэлхийн кино урлагийн салбарын өнөөгийн хөгжил, шилдэг туршлага болон тулгамдаж буй асуудлын талаар “Монгол кино урлагийн салбарын хөгжил: Бэрхшээл ба Боломжууд”, “Истанбулын олон улсын кино наадам ба Орчин үеийн Туркийн кино урлаг”, “Берлиний олон улсын кино наадам ба дэлхийн кино урлагийг дэмжих сан” зэрэг сэдэвт танилцуулга бүхий “Улаанбаатар” кино форумыг Монголын 50 гаруй мэргэжлийн кино уран бүтээлчдэд зориулж зохион байгуулсан нь олны талархлыг хүлээсэн байна.
Улаанбаатар олон улсын кино наадам энэ жилээс эхлэн дэлхийн шилдэг кино хөтөлбөрөөс үзэгчдийн таашаалд нийцсэн нэг бүтээлийг шалгаруулж байхаар болсон. Хамгийн их саналыг 2014 оны Каннын олон улсын кино наадмын шилдэг зохиол шагналт, ОХУ-ын нэрт найруулагч Андрей Звягинцевын “Левиафан” кино авч энэ жилийн Улаанбаатар олон улсын кино наадам “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг хүртсэн.
Удаах байруудад 2013 оны Венецийн олон улсын кино наадмын үзэгчдийн шагналт, Францын найруулагч Жан Денизогын “Сайхан амьдрал”, 2014 оны Каннын олон улсын кино наадмын “Алтан навч” шагналт, Туркийн нэрт найруулагч Нури Билгэ Жэйланы “Өвлийн ичээ” зэрэг кинонууд үзэгчдийн таашаалд нийцсэн байна.
С.Сод