Өмнөд Солонгосын жүжигчин Сон Хе Гё, Гон Ю нарын гол дүрд нь тоглосон “Netflix”-ийн шинэ цуврал “Tantara” арванхоёрдугаар сарын 11-нд үзэгчдийн хүртээл болно. 1960–1980-аад оны Өмнөд Солонгосын энтертайнмент салбарын түүхийг өгүүлэх уг бүтээлийг энэ оны хүлээлт өндөртэй цувралуудын нэгээр нэрлэж байна.
“Tantara” цувралын үйл явдал Өмнөд Солонгосын нийгэм, соёлын өөрчлөлт эрчимтэй явагдаж байсан үеийг хамрах бөгөөд урлагийн салбарт амжилтад хүрэхийг зорьж буй хүмүүсийн хүсэл мөрөөдөл, тэмцэл, хайр дурлал, амьдралын сонголтыг харуулах аж.
Сон Хе Гё, Гон Ю нарын хувьд энэхүү бүтээл нь хамтран тоглож буй томоохон хэмжээний шинэ төсөл юм. Хоёр жүжигчин өмнө нь өөр өөрийн уран бүтээлээрээ Азийн төдийгүй олон улсын үзэгчдийн танил болсон билээ.
Цувралын зохиолыг Өмнөд Солонгосын нэрт зохиолч Но Хи Гён бичиж, найруулагчаар И Юн Жон ажиллажээ. Но Хи Гён нь хүний харилцаа, нийгмийн асуудлыг гүнзгий хөндсөн зохиолуудаараа танигдсан бол И Юн Жон Coffee Prince зэрэг алдартай цувралын найруулагчаар ажиллаж байсан юм.
“Netflix”-ийн шинэ бүтээлээр дамжуулан тухайн үеийн Өмнөд Солонгосын урлаг, энтертайнмент салбар хэрхэн хөгжиж, өнөөгийн соёлын ертөнцийн суурь тавигдсаныг харуулахыг зорьжээ.

