Бүгд Найрамдах Беларусь Улсын эрдэмтэн Владимир Иванович Куликовичийг “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр нэхэн шагнахаар шийдвэрлэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар тус улсад 10-р сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийсэн. Тус айлчлалын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Беларусь Улсын Соёлын сайд Марат Сергеевич Марковтой энэ сарын 26-нд Минск хотноо уулзжээ.
Талууд уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй Төрийн айлчлалын хүрээнд хоёр орны Төрийн тэргүүн нар Монгол, Беларусийн соёлын өдрүүдийг 2027-2028 онд харилцан зохион байгуулахаар тохиролцсоныг онцолж, зөвхөн соёл, урлагийн салбарт болон номын сан, кино урлагийн чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар санал солилцсон байна.
Уулзалтын дараа Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Беларусь Улсын эрдэмтэн Владимир Иванович Куликовичийг “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр нэхэн шагнахаар шийдвэрлэснийг танилцуулж, түүний гэргий Лариса Николаевна Куликовичид шагналыг гардуулсан тухай Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яамны цахим хуудсанд мэдээлжээ.
Тус яамны цахим хуудсанд мэдээлснээр, эрдэмтэн Владимир Иванович Куликович нь “Монголын нууц товчоо”-г беларусь хэлээр орчуулан 2025 онд хэвлүүлсэн нь уг сурвалжийг албан ёсоор орчуулсан 34 дэх улс болжээ.


