АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан “WINGS Women of Discovery Awards” ёслолын үеэр Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн экологич Ч.Баярмаа 2026 оны шилдэг дөрвөн эмэгтэй судлаачийн нэгээр шалгарч, олон улсын нэр хүндтэй шагналын эзэн боллоо .
“WINGS Women of Discovery” нь шинжлэх ухаан, байгаль хамгаалал, газарзүйн нээлт, судалгааны салбарт манлайлж, дэлхий дахинд бодит хувь нэмэр оруулж буй эмэгтэй судлаачдыг дэмжих зорилготой олон улсын байгууллага юм. Тус байгууллага жил бүр салбартаа онцгой амжилт гаргасан эмэгтэйчүүдийг шалгаруулан, тэдний судалгаа, шинжлэх ухааны нээлт, байгаль хамгааллын санаачилгыг дэмжих санхүүжилт олгодог.
Энэ жилийн шагналын эздээр экологич Ч.Баярмаагаас гадна АНУ-ын Смитсонианы хүрээлэнгийн Шинжлэх ухаан, судалгаа хариуцсан дэд захирал, гараг эрхэс судлаач (Planetary Scientist), НАСА-гийн Шинжлэх ухааны асуудал хариуцсан захирлаар ажиллаж байсан доктор Эллен Стофан (Dr. Ellen Stofan), мөсөн гол, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг судалдаг судлаач доктор Алисон Крисчителло (Dr. Alison Criscitiello), Амазоны ширэнгэн ойн биологийн олон янз байдал, бичил биетэн болон тэдгээрийн байгаль, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судалдаг хими биологич доктор Роса Васкес Эспиноса (Dr. Rosa Vásquez Espinoza) нар шалгарсан байна.
Ч.Баярмаа нь 25 насандаа энэхүү шагналыг хүртэж, “WINGS Women of Discovery”-ийн түүхэн дэх хамгийн залуу судлаач болоод байна. Ийнхүү Монгол эмэгтэй дэлхийн тэргүүлэх эрдэмтэдтэй мөр зэрэгцэн олон улсын тавцанд Монгол орны ховор амьтдын судалгаа, хамгааллын ажлыг танилцуулж буй нь манай байгууллагын төдийгүй Монголын байгаль хамгаалал, шинжлэх ухааны салбарын хувьд бахархалтай үйл явдал боллоо.
Тэрбээр Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвд ажиллах хугацаандаа Монгол бөхөн болон малын идэш тэжээлийн экологийн нарийвчилсан судалгааны ажил хийж магистрын зэрэгээ хамгаалж байсан. Өнөөдөр Их Британийн Сэнт Эндрюсийн их сургуульд докторын судалгааны ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд Монгол бөхөн, цоохор ирвэс, нөмрөг тас зэрэг ховор амьтдын шилжилт хөдөлгөөн, зан авирын экологийг сүүлийн үеийн арга зүй, технологиор илүү өргөн хүрээнд судалж байна.

