XIII зууны үед монголын хүчирхэг төрийн нууц болон “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” юунд байсныг Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор Д.Өлзийбаатар “Чингис хаан” үндэсний музейд өчигдөр /2026.11.09/ танилцуулсан лекцийнхээ үеэр тодотголоо.
Тус музей Чингис хаан Судлалын Олон Улсын Холбоотой хамтран зохион байгуулдаг эрдэмтдийн цуврал лекцээ энэ удаад “Монгол бахархлын өдөр”-т зориулжээ.
Доктор Д.Өлзийбаатар лекцдээ, “Монголын мандал бадралын учиг өнгөрсөнд бий. Энэ учгийн сургамжийг ойлгож, хэрэгжүүлж чадвал мандах бадрах нөхцөл бүрдэх”-ийг онцлоод, “Тэмүүжинг 1206 онд Онон голын эхэнд болсон хуралдайгаар Чингис хаан болгосон нь монголчуудын хувьд овог аймгийн эрх ашгаас илүү нэгдсэн төрийг байгуулсан явдал. Үүний цаана монголчуудын мандал бадралын учиг болсон хүчирхэг төр байгуулсан таван хүчин зүйлийг нэрлэж болно. Үүнд, үнэнч зүтгэл, эвлэрэл, нэгдмэл зорилго, сахилга хариуцлага, хүний чадавх багтаж байгаа”-г тус бүрд нь тайлбарласан юм.
-Урвалтын оронд үнэнч зүтгэл, итгэлийг бий болгосон. Төр хүчирхэг оршин тогтноход, газар нутаг, зэр зэвсгээс гадна хүн хоорондын итгэлцэл, үнэнч зүтгэл хамгийн чухал. Итгэлцэлгүйгээр хамтын ажиллагаа, нэгдсэн хүч бий болохгүй.
Тэмүүжин бага насны хүнд хэцүү үеэсээ урвалтын хор уршиг, үнэнч нөхдийн үнэ цэнийг ойлгож, ашиг сонирхол, амиа бодсон урвагчийн тэвчдэггүй байв.
Жамухыг барьж өгсөн хүмүүсийг өчиггүй цаазалдаг. Удирдагч хүн бусдаас үнэнч байхыг шаардахаас өмнө өөрөө итгэл даах чадвартай байх ёстой. Тэр цагт хүчирхэг болно. Өөрт нь долигонох нэгнийг биш төрд үнэнч зүтгэх орчин бүрдүүлэх нь удирдагчийг ваакумжих эрсдэлээс хамгаалж улс орныг хүчирхэгжүүлдэг нь улс хүчтэй байхын нэг учиг.
-Өш хонзон дайсагналыг эвлэрэл, хамтын зүтгэл болгосон. Чингис хаан ялагдсан талыг өөрийнхөө талд нэгтгэхийг олж хардаг байсан. Зургаадай Чингис хааныг шархдуулж харваснаа өөрөө хүлээн зөвшөөрдөг. Хаан түүнийг өршөөж хайрлан үнэнч шударгыг хүндэтгэн Зэв хэмээн нэрлэсэн. Өчигдрийн дайсан өнөөдрийн нөхөр болж болдог нь мандал бадралын бас нэг учир болсон.
-Зөрчлийг эрх ашгаас дээш тавихгүй, нэгдмэл зорилго, үндэсний эрх ашиг бий болгосон. Төрийн нэгдэл, хүч чадал нь бүгд ижил бодолтой байх бус харин өөр үзэл бодолтой хүмүүс нийтлэг эрх ашгийн төлөө хамтран ажиллах чадварт оршдог.
Чингис хаан овог аймгуудын явцуу эрх ашгийг давуулан, бүгдийн хүлээн зөвшөөрсөн нийтлэг зорилгыг бий болгож, чадвартай хүмүүсийг нэг тугийн дор зангидсан.
Хүлээн зөвшөөрөгдөөгүй хүн эрх мэдэлд хүрэхэд хямрал даамжирдаг. Нэгдсэн төр бий болсноор зөвхөн нэг овгийн биш, монгол үндэстний хамтын үүрэг хариуцлага, нийтлэг эрх ашгийг бүрэлдүүлсэн нь мандал бадралын нэг учиг юм.

-Дур зоргоор авирлахыг зогсоож, зохион байгуулалт, сахилга хариуцлагын тогтолцоог бий болгосон нь Монгол Улс мандан бадарсны учиг болсон гэж бодож байна. Сахилга бат нь бусдыг захирах чадвар биш, харин эрх мэдэлтнүүд өөрсдөө хууль журмаа сахиж, хариуцлага хүлээх явдал юм.
Удирдагч сахилга батыг өөрөөсөө эхэлж сахих ёстой. Хууль дүрэм зөвхөн жирийн иргэдэд үйлчилж, эрх мэдэлтнүүд түүнийг өөртөө нийцүүлэн өөрчилж байвал сахилга бат алдагдаж, дур зорго газар авдаг.
Хууль биелүүлэх, дээдлэх ёс манайд алдагдсан нь төр хүчгүй байгаагийн шалтгаан. Удирдагчдын хариуцлагагүй байдал, төрийн алдааны төлөөсийг ард түмэн амьжиргаа, амьдралын чанараараа үүрдэг.
-Монголчуудын мандан бадарсны бас нэг гол үндэс нь яс үндэс, овог гарлыг бус хүний чадавх, зүтгэл, үнэнч байдлыг дээдэлсэн төрийн бодлого байв. Чадваргүй атлаа үнэнч, эсвэл ёс зүйгүй чадвартай хүн хоёулаа төрд аюул учруулдаг. Төрд хүний чадвар, үнэнч байдал, авьяасыг ашигласан нь Чингис хааны хүчирхэгжилтийн үндэс болсон.
Чадваргүй хүнийг дэмжвэл төрийн хүч суларна. Энэ бол Чингис хаанаас бидэнд сургамжилсан хамгийн чухал зарчим гэлээ.
Эдгээр 5 хүчин зүйл хоорондоо гинжин хэлхээтэй салшгүй холбоотойгоор хүчирхэг төрийг бүрдүүлсэн өвөөс бид тун багыг авч байгааг Д.Өлзийбаяр тодотгоод, өнөө цагийн төрийн албаны бүх шаны удирдах албан тушаалтан дараах 5 асуултыг өөрөөсөө асуухыг зөвлөв. Үүнд:
-Би үнэнийг хэлдэг хүнийг үнэлж байна уу?
-Намайг дагаж баясдаг бус санал нийлэхгүй хүнээ хамтрагч гэж үзэж чаддаг уу?
-Биднийг нэгтгэж буй, нэгтгэх нийтлэг зорилго юу вэ?
-Бусдаас шаарддаг хууль, дүрэм, журмаа өөрөө мөрдөж байна уу?
-Би улс оронд хэрэгтэй хүнийг олж сонгож чадаж байна уу эсвэл өөрт таалагдсан, мөнгө өгсөн хүнээ таалж байна уу? Энэ 5 асуултад хариулж чадахгүй бол төрөө сульдаахад та хувь нэмрээ оруулжээ гэсэн үг хэмээн лекцээ дуусгасан юм.

