Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
Өв соёл

Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ

Урлаг Урлаг14/11/2026Шинэчлэгдсэн:14/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Шинжлэх ухааны академийн Абу Райхан Берунийн нэрэмжит Дорно дахин судлалын хүрээлэнд зочилжээ. Тэрбээр тус хүрээлэнгийн захирал, профессор, түүхийн шинжлэх ухааны доктор Комилжон Рахимовтой уулзан, хоёр улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон байна. Элчин сайд Д.Батбаатар нь захирал К.Рахимовыг албан тушаалдаа томилогдсоноос хойш уулзсан анхны гадаад улсын Элчин сайд болж буйгаараа энэхүү уулзалт онцлогтой байжээ.

Энэ үеэр Элчин сайд хүрээлэнгийн ховор нандин гар бичмэлийн сан хөмрөг, “ЮНЕСКО”-гийн холбогдох жагсаалтад бүртгэгдсэн гар бичмэлийн хадгаламжтай танилцаж, тус хүрээлэнгийн үнэт өвийн нэг болох Рашид ад-Дины “Судрын чуулган”-ы гар бичмэлийг үзэж сонирхсон байна. Уг гар бичмэл нь “Судрын чуулган”-ы миниатюр зураг бүхий анхны хувилбар гэдгээрээ онцлогтой юм. Түүнчлэн Зүүнгарын хаант улсын түүхтэй холбоотой гурван ховор гар бичмэл, Амир Темур буюу Доголон Төмөрийн түүхийг өгүүлэх “Зафарнома” зэрэг үнэт бүтээлүүдийн эх хувьтай танилцжээ.

XIV зууны эхээр Ил хаадын улсын сайд Рашид ад-Дины туурвисан «Судрын чуулган» нь Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын түүх, Монголын эзэнт гүрний үеийн улс төр, нийгмийн харилцааг судлахад онцгой ач холбогдолтой сурвалж бөгөөд “Монголын нууц товчоо”-ны хамт Монголын түүхийн гол эх сурвалжийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. Элчин сайд энэхүү хосгүй түүхэн өвийг үеийн үед хадгалан хамгаалж ирсэн Узбекистаны ард түмэн, Дорно дахин судлалын хүрээлэнгийн удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлжээ. Уулзалтын үеэр талууд Монгол, Узбекистаны түүхэн нийтлэг өвийг судлах, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чиглэлээр хэд хэдэн санал, санаачилгыг хэлэлцсэн байна. Тухайлбал, Зүүнгарын улс, Цагаадайн улсын түүх, тэдгээрийн Төв Азийн улс орнуудтай тогтоож байсан харилцааг хамтран судлах, холбогдох сурвалж бичгийг монгол, узбек хэлээр орчуулж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, “Судрын чуулган”-ыг хоёр хэлээр хамтран хэвлэх боломжийн талаар санал солилцжээ.

Мөн “Монголын нууц товчоо”-ны узбек хэлээрх орчуулгын ажилд тус хүрээлэнгийн эрдэмтдийг оролцуулах, орчуулгын эрдэм шинжилгээний редактороор ажиллуулах, Узбек–монгол, Монгол–узбек академик толь бичиг боловсруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг хөндсөн байна. Элчин сайд Д.Батбаатар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойн хүрээнд Дорно дахин судлалын хүрээлэнгийн удирдлага, эрдэмтдийг Монгол Улсад айлчлахыг урьжээ. Тус төвийн захирал К.Рахимов урилгыг талархан хүлээн авч, хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгохын чухлыг онцлон дурдсан байна.

2027 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохионо. Энэхүү ойг угтан хоёр улсын эрдэмтэн, судлаачдын хамтарсан судалгаа, орчуулга, хэвлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх нь хоёр ард түмний түүх, соёлын нийтлэг өвийг сурталчлан таниулах, харилцан ойлголцол, найрсаг харилцааг улам бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа

11/11/2026
Өв соёл Урлаг

БНСУ-д хадгалагдаж буй Юань гүрний хуулийн бичгийг Монголд авчрах боломжийн талаар санал солилцов

06/11/2026
Өв соёл Урлаг

Эрдэнэ Зуугийн хэрэмт суваргын бичээс

05/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Дараагийн үзэгдэл” комеди-арт перформансаас

14/11/2026

Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны булшнаас 413 олдвор илрүүлжээ

14/11/2026

Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ

14/11/2026

Антонио Бандерасын тоглосон “Mare Nostrum” киноны Латин Америк дахь түгээлтийн эрхийг “Buena Vista International” компани авчээ

13/11/2026

Жэйми Дорнан “Бөгжний эзэн: Голлумын эрэлд” киноны Арагорны дүрд сонгогдоод баярласандаа уйлжээ

13/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.