“Ирээдүй рүү буцсан нь” (“Back to the Future”) киноны од жүжигчин Кристофер Ллойд хамтран тоглосон жүжигчин Майкл Ж. Фокстой 40 гаруй жилийн турш үргэлжилж буй дотно нөхөрлөлийнхөө талаар ярьжээ. Тэрбээр тэдний харилцааг “Насан туршийн хайр” хэмээн тодорхойлсон байна.
88 настай Кристофер Ллойд арваннэгдүгээр сарын 14-нд Нью-Йорк хотод болсон Майкл Ж. Фоксын Паркинсоны судалгааны сангийн хандивын арга хэмжээнд оролцох үеэрээ энэ тухайгаа ярьжээ.
Тэрбээр “Бид “Ирээдүй рүү буцсан нь” гурвалсан киноны үеэр дотноссон. Тэр үеэс хойш бидний нөхөрлөл огт тасраагүй. Энэ харилцаа үргэлжилсээр байгаа бөгөөд нэг ёсондоо насан туршийн хайр юм. Энэ үнэхээр гайхалтай” хэмээн ярьсан байна.
Кристофер Ллойд, Майкл Ж. Фокс нар анх 1985 онд нээлтээ хийсэн “Ирээдүй рүү буцсан нь” кинонд хамтран тоглож, улмаар цувралын дараагийн ангиудад дүрээ үргэлжлүүлэн бүтээсэн юм. Тус кинонд Фокс Марти Макфлайн дүрийг, Ллойд этгээд содон эрдэмтэн доктор Эмметт “Док” Брауны дүрийг бүтээжээ.
Майкл Ж. Фокс энэ оны аравдугаар сард Кристофер Ллойдод 88 насны төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, хамт авахуулсан зургаа нийтэлсэн байна. Тэрбээр “Агуу Скотт, чи 88 хүрчихлээ. Энэ бол үнэхээр гайхалтай зүйл. Хайртай шүү” хэмээн бичжээ. Харин Ллойд найзынхаа мэндчилгээнд “Бид үнэхээр цаг хугацаанаас үл хамаарах хүмүүс юм. Хайртай шүү, найз минь” хэмээн хариулсан байна.
Майкл Ж. Фокс 1991 онд Паркинсоны өвчтэй гэж оношлогдсон бөгөөд 2000 онд уг өвчний талаарх судалгаа, эмчилгээний ажлыг дэмжих зорилгоор өөрийн нэрэмжит санг байгуулсан билээ.

