Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Жон До Ён найруулагч И Чан Доны “Possible Love” киногоороо олон улсын кино ертөнцийн анхаарлыг татаж байна. Тэрбээр “Variety” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа уг бүтээл, Солонгосын кино урлагийн дэлхийн зах зээл дэх байр суурь болон жүжигчний хувьд өөрт нь шинэ түүх өгүүлэх хүсэл улам бүр нэмэгдэж буй талаар ярьжээ.
“Possible Love” нь найруулагч И Чан Доны 2018 оны “Burning” киноноос хойших анхны бүрэн хэмжээний уран бүтээл юм. Кинонд Жон До Ён ажлаасаа халагдсан ажилчны эхнэр Ми Угийн дүрийг бүтээжээ.
“Possible Love” кино 2026 оны Венецийн олон улсын кино наадмаас шүүгчдийн нэрэмжит шагнал буюу “Мөнгөн арслан” хүртсэн юм. Мөн Өмнөд Солонгос улс уг бүтээлийг 2027 оны 99 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино төрөлд нэр дэвшүүлэхээр албан ёсоор сонгосон байна.
Харин Жон До Ёны жүжиглэлт “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвших боломжтой уран бүтээлчдийн нэгээр яригдаж эхэлжээ. Хэрэв тэрбээр уг төрөлд нэр дэвшвэл энэ амжилтад хүрсэн Өмнөд Солонгосын анхны жүжигчин болох юм. Гэхдээ нэр дэвшигчдийн эцсийн жагсаалт хараахан зарлагдаагүй байна.
Жон До Ён 2007 онд И Чан Доны “Secret Sunshine” киноны дүрээрээ Каннын кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэж, олон улсын хэмжээнд нэр хүндээ бататгасан билээ. Тэрбээр найруулагчтай 19 жилийн дараа дахин хамтран ажиллахдаа өмнөхөөсөө өөр арга барилаар дүрдээ хандсан тухайгаа ярьжээ.
Мөн жүжигчин Солонгосын кино урлагийн олон улсын байр суурь сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдсөнийг онцолжээ. Түүний Каннын шагнал хүртсэн 2007 онд Солонгосын уран бүтээлчид дэлхийн томоохон кино наадмуудаас шагнал хүртэх нь ховор, онцгой үйл явдал байв. Харин өнөөдөр Солонгосын кино, телевизийн бүтээлүүд дэлхийн үзэгчдэд хүрч, олон улсын зах зээлд арилжааны болон уран сайхны амжилт гаргах боломж нэмэгдсэн гэсэн байна.

