Өнөөдөр “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагайн төрсөн өдөр.
Хэнтий аймгийн унаган хөвгүүн Г.Алтаншагай Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун нарын удирдлага дор СУИС-д жүжигчний мэргэжил эзэмшиж, уран бүтээлийн гараагаа “Шинэ үе” продакшнаас эхлэн, улмаар мэргэжлийн замналаа УДЭТ-т үргэлжлүүлж, өдгөө “Мөрөөдлийн театр”-т ур ухаан, авьяас чадвараа гайхуулж яваа.
“Ийм нэгэн дурлал”, “Хархны өгөөш” , “Аравт”, “Сайн, муу, хэрцгий”, “Ээжийн дайсан”, “Хар сувдны нууц”, “Одод болох хүслэн”, “Биелэгдэшгүй төлөвлөгөө”, “Өндгөн толгойт”, “Онцгой даалгавар”, “Гайхамшигт ертөнц”, “Охиндоо өргөсөн тангараг” гэхчилэн түүний тоглосон дэлгэцийн бүтээлийн жагсаалт урт хөвөрнө.
Зөвхөн “Мөрөөдлийн театр”-тайгаа тэрбээр 20 гаруй хошин шоу тоглолт, А.Вампиловын “Ууган хүү” жүжгээс сэдэвлэсэн “Миний нууц хүү”, Ц.Балдоржийн “Шөнө амталсан нулимс” зохиолоос сэдэвлэсэн “Шөнө буусан аадар”, “Тод хувцастай эмэгтэй” , “SAMSARA – Тэртээх хоёр зүрх” зэрэг драмын жүжгүүд, “Ээжийн дайсан”, “Одод болохын хүслэн” гэхчилэн уран сайхны киног үзэгчдэд хүргэжээ.
2024 онд Г.Алтаншагай тэнгэрт одсон аавынхаа гэгээн дурсгалд зориулсан “Эцэг” хэмээх эл уран бүтээлээ “Orange” энтертайнмент, “Nomadia” пикчерстэй хамтран бүтээсэн. Эл уран бүтээлээрээ Хятадын Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) орнуудын олон улсын кино наадмаас шагнал хүртсэн юм.
Хамгийн сүүлд тэрбээр “Оранж” энтертайнментийн “Хараал хүрсэн хот” олон ангит кино, “Ханхуур” пикчерсийн “Овгор” уран сайхны киноны дүрүүдээр үзэгчидтэй уулзаад байна.

