2014 оны 11 дугаар сарын 3-ны өдрийн 16:00 цагт ССАЖЯ-ны 302 тоотод “Олдворын бүртгэл, хамгаалалт, судалгаанд музей, шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах тухай” нээлттэй хэлэлцүүлэг боллоо.
ССАЖЯамны санаачлагаар явагдсан уг хэлэлцүүлэгт ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Соёлын өвийн төв, , Монголын Үндэсний Музей, Байгалийн түүхийн музей, Чойжин ламын сүм музей, ШУТИС-ийн Хүмүүнлэгийн сургууль, Үлэг Гүрвэлийн төв музей, Монгол Төрийн түүхийн музей, Богд хааны ордон музей, Монголын Театрын музей зэрэг нийт 12 байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийг нээж ССАЖ-ын Сайд Ц.Оюунгэрэл малтлага судалгаанаас гарсан олдворуудыг музейн үзмэрт хэрхэн шилжүүлж байсан туршлагын талаар оролцогчдоос асууж тодруулав. 2014 оны 5 сард Бельгийн Эзэн хааны байгаль, шинжлэх ухааны музейгээс манай улсад хүлээлгэн өгсөн Дейнохейрусын олдворыг ШУА-ын Палеонтологийн төвд Үлэг гүрвэлийн төв музейгээс нэг жилийн хугацаанд судлуулахаар гэрээ хийсэн, Байгалийн түүхийн музейгээс Биологийн чиглэлийн шинжлэх ухааны байгууллагатай хамтран ажилласан, Богд хааны ордон музей Түүхийн хүрээлэнтэй хамтран ажиллах эхлэл явагдаж буй гэсэн цөөн хэдэн жишээ дурдагдлаа. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар батлагдаж, энэ оны 7 сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан, олдворын бүртгэл, хөдөлгөөн, судалгааны гэрээ, хадгалалт хамгаалалтын талаар шинэ түвшинд ажиллах шаардлагатай болсныг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл уг уулзалтын үеэр онцлоод, музей, шинжлэх ухааны байгууллагууд төрийн өмч, ард түмний баялагийн хэрхэн судалж, бүртгэж, хамгаалах талаар тодорхой нөхцөлтэй, хугацаатай, хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байхыг үүрэг болголоо.
Хэлэлцүүлгийн үеэр, бүх төрлийн олдворыг аливаа музейн сан хөмрөгт шилжүүлэхийн өмнө цэвэрлэх, ариутгах, ялгах, эвлүүлэх, зөв чиглэлийн музейд нь шилжүүлэхийн өмнөх бэлтгэлийг хангах, бүртгэлийг музейн стандартад нийцүүлэх зэрэг зай талбай, хүн хүч, нарийн мэргэжлийн ур чадвар шаардсан, техникийн хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдэж байх талаар хөндөгдөв. Энэ чиглэлд Соёлын Өвийн төв голлох үүрэгтэй хамтрагч байж болохыг Соёлын өвийн төвийн захирал Энхбат оролцогчдод танилцуулаад Соёлын өвийн төвийн одоо баригдаж буй барилгын томоохон зай талбай нь чухамхуу олдвор хүлээн авч ялгахад зориулагдсан болохыг тайлбарлав. Соёлын өвийн төвийн барилга нь улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн Хан-уул дүүрэгт баригдаж байгаа бөгөөд уг барилга 2015 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа юм.
Хэлэлцүүлгийн үр дүнд олдвор бүрийг музейн харьяатай болгох, нэгтгэн бүртгэлжүүлэх, судалгаа шинжилгээний байгууллагууд музейтэй хамтын ажиллагаагаа сайжруулах, судалгааны хугацаат давуу эрхийн гэрээний загварыг батлах, олсон судлаачийн давуу эрхийн хугацаа дууссан аливаа олдворын судалгааг нийт судлаач, олон нийтэд музейгээр дамжуулан нээлттэй болгох, бүртгэгдсэн соёлын өвүүдийг судалгааны дүгнэлтэд тулгуурлан илүү сонирхолтой байдлаар олны хүртээл болгох зэрэг асуудлыг дэс дараатай шийдэхээр тогтлоо.
www.URLAG.mn