“ТВ Коктейль” хамтлагийн цоглог, эрч хүчтэй залуус дөрөв дэх дэлгэцийн бүтээлээ үзэгчиддээ толилуулаад байна. “Омарын эрэлд” нэртэй энэхүү адал явдалт, инээдмийн уран сайхны кино пүрэв гаригт буюу энэ сарын 6-ны өдөр нээлтээ хийлээ. Киноны нээлтийн үеэр шагналын хур бууж, “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчид болох Э.Цолмонбаяр , А.Өнөржаргал, Д.Энхбаяр, Р.Адъяа нар Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан хэмээх нэр хүндтэй цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа.
Уг киноны зохиолыг “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Үргээлэг” зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан бүтээлийг найруулсан найруулагч Ж.Сэнгэдорж ажиллажээ. Продюссероор С.Жавхлан, Э.Цолмонбаяр зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажилласан байна.
Киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бөгөөд жүжигчин Б.Навчаа, Д.Дэлгэрсайхан, Б.Баатархүү, Х.Манлайбаатар, Р.Адъяа нар оролцон тоглосон байна.
Ингээд та бүхэндээ “Омарын эрэлд” уран сайхны киноны нээлтийн үеийн фото сурвалжлагыг хүргэж байна.
www.URLAG.mn