Монголын их дээд сургуулиудын солонгос хэлний анги, холбогдох байгууллагуудын спортын нөхөрсөг анхдугаар наадам өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өндөрлөлөө. Эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн тэмцээнд UBU их сургууль, Хүрээ ДС, Улаанбаатар их сургуулийн багууд эхний 3 байр, эрэгтэйчүүдийн заалны хөл бөмбөгийн тэмцээнд Ерөнхий боловсролын сургууль, Монголын үндэсний их сургууль, Хүрээ ДС-ийн багууд эхний 3 байр, олс таталтын тэмцээнд Улаанбаатарын их сургууль, Монголын үндэсний их сургууль, ШУТИС-ийн багууд эхний 3 байрыг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медаль 800-300 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн юм.
Тус өдөрлөгийн үеэр БНСУ-ын ЭСЯ-ны соёл хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Шинь Сан Гюнтэй оюутан залуусын дунд зохиож буй ажлын талаар ярилцлаа. –
Энэ спортын наадмын ач холбогдол нь юу вэ, хэр өргөн цар хүрээг хамарч байна? -Монгол дахь БНСУ-ын ЭСЯам болон Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Солонгосын компаниудтай хамтран солонгос хэлний ангийн оюутнуудын дунд эмэгтэйчүүдийн гар бөмбөг, эрэгтэйчүүдийн залны хөл бөмбөг, олс таталт гэсэн төрлүүдээр спортын өдөрлөг зохион явууллаа. Оюутнуудын танилцан нөхөрлөх, тэдний хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд дөхөм болох зорилгоор зохиогдсон тус тэмцээнд 10 гаруй сургуулийн нийт 600-700 оюутан залуус оролцож байна.
-Цаашдаа уламжлал болон явагдах уу?
– Энэ жил анх удаа явуулж байгаа ч цаашдаа уламжлал болгон явуулбал оюутнуудын талархлыг хүлээсэн үр дүнтэй ажил болно гэж бодож байна.
-Танай ЭСЯ-ны зүгээс оюутан залууст хандан өөр ямар ажлуудыг зохион байгуулж байгаа бол?
-Манай элчин сайдын яамнаас сүүлийн үед олон нийттэй харилцах харилцаагаа нээлттэй болгон оюутан залуусын дунд олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь ирэх 12 дугаар сарын 6-нд солонгос хэл дээр тоглох жүжгийн тэмцээн зохион байгуулна. Зорилго нь солонгос хэлийг сурах хүслийг нь дэмжих, өөрөө өөрийгөө таниулахад нь туслах зэрэг боломжуудыг нээн өгөх юм. Түүнчлэн солонгос хэлний ангийн оюутнуудаас 15 хүнийг сонгон 12 дугаар сарын 8-13-ны хооронд долоо хоногийн хугацаатай Солонгосын томоохон компани болон үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгуулах гэж байна.