Зураг урлалын газар нэртэйгээр 1942 онд анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Урчуудын эвлэл өнөөдөр ахмад уран бүтээлчдээ хүлээн авч уулзах үеэр хамгийн ахмад уран бүтээлч болох Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач П.Балдандоржтой уулзаж ярилцсан юм. Түүнтэй ярилцаж суухад манай нийгмийн өнгөрсөн зуун жилийн амьд гэрч мэт санагдаж байлаа. Түүний аав нутагтаа шүтэгдсэн сайн оточ, бас их гарын дүйтэй, бурхан урлаач хүн байжээ. П.Балдандорж гуайн бага охин ч мөн аавынхаа шийрийг хатаах сайн зураач гэнэ билээ.
–Таныг урчуудын эвлэлийн хамгийн өндөр настай зураач гэлээ. Энэ жил нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-Одоо 89 настай. Анх Зураг урлалын газар гэж таван хүний бүрэлдэхүүнтэй албан газар байгуулагдаж байхад аавынхаа буянаар орж байсан. Нэг жилийн дараа буюу 1943 онд энэ алдартай Чойдог, Цэвэгжав, Ядамсүрэн, Сандуйжав гэсэн уран бүтээлчид дээр нэмэгдээд миний бие дагалдан зураачаар орж байлаа.
-Зураг урлалын газрын анхны долоогийн тоонд хэрхэн багтаж байсан түүхээсээ сонирхуулахгүй юу?
-Манай хамар хашааны өвгөн зураг зурж суугааг минь анх хараад “Танай энэ хүү чинь авьяастай хүүхэд байна. Би Зураг урлалын газар мужаан хийдэг юм. Манайд нэг дагалдангийн орон тоо бий. Хүүхдээ аваачиж шалгуулаач” гэсэн. Тэр үед Зураг урлалын газар байгуулагдаад удаагүй байсан үе л дээ. 1942 оны арван хоёрдугаар сарын 20-нд Засгийн газрын тогтоол гарч Зураг урлалын газрыг таван орон тоотой байгуулсан байсан. Тэгээд нөгөө өвгөн нэг өдөр өөрөө намайг дагуулж очиж, Чойдог багштай уулзуулж ажилд орсон доо. Зураг урлалын газрынхан тэр үед юу хийдэг байсан бэ гэхээр Зөвлөлтийн ард түмэн яаж эх орноо хамгаалж баатарлагаар тэмцэж байгаа талаар, Гитлерийн харгислалын тухай ард түмэндээ таниулан сурталчлах зургуудыг зурдаг байлаа. Би зураачдын бийрийг угаана, даавууг нь хадаж өгнө. Хааяа надаар зураг зуруулна. 1943 оны намар Зураг урлалын газрын дэргэд гурван жилийн хугацаатай дүрслэх урлагийн оройн сургууль байгуулсан.
Манай багш нарын бүгдийнх нь шахам ах дүү, аав нь хэлмэгдсэн байсан юм билээ. Тийм болоод ч тэр үү, намайг аавыгаа алдсаныг мэдээд өөрийнхөө хүүхэд шиг л дотночилж, юм сургах гэж хичээдэг байлаа. Тэр сайхан багш нарынхаа хүчинд би 1946 он гэхэд улсын гуравдугаар зэргийн зураач болсон байлаа. Тэгж л миний урлагийн гараа эхэлсэн.
Зураг урлалын газрын О.Цэвэгжав, Б.Чогсом, Ү.Ядамсүрэн, Д.Лувсанжамц, Чойдог багш нар минь бурхан болсон. Одоо амьд үлдсэн нь би л байна.
–Та зураач болох хувь тавилантай байж дээ?
-Тийм ээ. Энэ алдартай хүмүүсийн шавь болсон нь ёстой л хувь тавилан байх. Тэр мужаан Сандуйжав гэдэг өвгөн аавтай минь амралтын өдрөөр их шатар нүүнэ. Тэгээд л намайг анх ажигласан хэрэг л дээ. Би чинь их багаасаа л зураг зурах дуртай, цаасан дээр сараачаад л суудаг хүүхэд байсан юм. Тухайн үед манай Зураг урлалын газар чинь энэ Төв номын сангийн урд талд байдаг байсан юм. Нэг өрөөнд орсон чинь Ядамсүрэн багшийн зурсан Чойбалсангийн хөрөг өлгөөтэй байсан. Тухайн үед нь мэдээгүй л дээ. Намайг тэр зурагны урд хойно хэдэн талд нь зогсоож үзээд чам руу яг харж байна уу гээд асуугаад байсан. Үнэхээр л намайг дагуулаад л хараад байсан. Ядамсүрэн багш маань анх удаа Орост энэ амьд зургийн төрлөөр хоёр жил суралцаж төгссөн хүн байсан л даа.
–Та аавыгаа хэлмэгдэлтээр алдсан гэлээ. Аав, ээж, бага насныхаа талаар дурсахгүй юу?
-Би чинь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумынх. Хуучнаар Жалханзын хүрээ юм даа. Анх 1939 онд би Хөвсгөл аймгаас 11 настай жаахан хүү эгчийгээ дагаад хотод ирж байлаа. Миний аав Дүгэрсүрэн Жалханзын хүрээний маарамбын дацанд эмч байсан гэдэг. 1938 онд аавыг хэлмэгдэхэд эгч маань намайг өөр дээрээ авч сургуульд оруулахаар авчирсан хэрэг л дээ. Намайг тавтай байхад ээж минь өнгөрсөн гэдэг. Миний ээж уг нь Жалханз хутагтын төрсөн ахтай анх ханилж байсан юм билээ. 7-8 хүүхэд гаргаад, сүүлийнх нь хүүхэд эндэж бие муутай болж, аавд эмчлүүлж байгаад тэр хоёр танилцаж, гэр бүл болсон байгаа юм. Хүрээ хийд байхгүй болонгуут аав маань хар болсон гэдэг. Анхны хүүхэд нь би. Миний эх нэг, эцэг ондоотой ах эгч нар хожим их алдартай улсууд болсон. Жалханз хутагтын удам болоод тэр байх. Би аав шигээ дуу хууранд муу. Гэхдээ гарын дүйтэй. Аав минь балин хийхдээ мундаг байсан юм билээ. Ээж минь намайг таван настайд нас барсан. Ээжийг нас барсны дараа хойд ээжтэй болсон. Их эрдэмтэй хүн байсан даа. Тэр ээж минь надад босоо бичиг, төвд ном заасан. Зарим чухал маань мэгзэм, номууд цээжлүүлнэ. Бас үлгэр их ярьж өгнө. Тэр үед манай гурван хот айлд үлгэрч өвгөн ирээд гурван шөнө үлгэр ярьчихаад явдаг байлаа. Тэр хүмүүжил намайг босоо бичигтэй, өвөг дээдсийн уламжлалаараа бахархах сэтгэлтэй болгосон гэж боддог. Үлгэр нь хүртэл жигтэйхэн гоё. Тэрний хүчинд л хотод ирсэн даруйдаа Үлгэр жишээ бага сургуульд шалгалт өгч шууд хоёрдугаар ангид орсон доо. Босоо бичиг мэддэг, зурахдаа шаггүй байсан. Сургуульд ороод жил гаруй болж байтал эсэргүүний хүүхдийг худлаа овоглож сургуульд оруулсан хүнийг ажлаас нь хална гэсэн яриа гарсан. Би эгчийнхээ нөхөр Пунцагнамжилаар овоглож байлаа. Одоо ч энэ овгоороо явдаг. Тэр үед Пунцагнамжил аав минь Үйлдвэрчний төв зөвлөл, хотын намын хорооны жолооч байсан. Тэгээд тийм яриа гараад байгааг мэдчихээд намайг дүүтэй минь хамт Архангайн Батцэнгэл рүү явууллаа. Тэнд мал дээр, морь унаж хоёр жил болсон. Тэгээд 1942 оны өвөл дахин хотод ирээд байхдаа Зураг урлалын газарт орсон хэрэг л дээ.
–Тэгэхээр эмч, домч байсан болохоор аав тань хэлмэгджээ дээ. Багадаа өнчрөл, хагацал үзээд хэцүү амьдрал үзжээ?
-Олон янзын зан үйл хийдэг домч байсан юм билээ. Бороо оруулна, хариулна, салж сарнисан хосуудад тарнитай чихэр өгөөд эвлэрүүлдэг хоосонгүй хүн байсан. Янз бүрийн ургамлаар эм тан хийдэг байснаасаа болоод 1938 онд хэлмэгдэж цаазлуулсан гэдэг. Эх нэгтэй эцэг ондоотой Энхчимэг гэдэг эгч минь л намайг өсгөж, хүн болгосон доо. Эсэргүүний хүүхэд гэж адлагдана. Эсэргүүний хүүхэд гэдгээ нуух гэж ёстой л үйлээ үзнэ дээ.
-Таныг хөрөнгөтний урлаг сурталчиллаа гэж буруутгаж байсан гэдэг байх аа?
-Би 1963 онд Чех явж сургуульд сурсан. Прагийн урлаг, үйлдвэрлэлийн дээд сургуулийг төгсөхөөсөө нэг жилийн өмнө зуны амралтаараа ирчихээд байхдаа үзэсгэлэнд бүтээлээ тавьсан юм. Дараа жил нь диплом хамгаалах байсан тул багштайгаа зөвлөж юугаар яаж диплом хамгаалахаа ярьж зөвлөхөөр Чехэд зурж байсан зургуудаа аваад ирчихсэн. Багш "Юутай ч зургуудаа үзэсгэлэнд тавьчих, хүмүүс үзээд санаа оноогоо ярина биз. Дараа нь хоёулаа дипломын ажлаа яаж хийхээ ярилцъя" гэсэн. Ингээд үзэсгэлэн ч нээгдлээ. Эхний гурван өдөр маш олон хүн үзсэн юм. Албан байгууллагынхан бөөн бөөнөөрөө үзээд л. Тэр үед манай үзэсгэлэнгийн зохион байгуулагч, урлаг судлаач Цэнджав гэж эмэгтэй арай шинэлэг сэтгэлгээгээр зурсан бидний хэдэн хүний бүтээлийг магтаад нэг нийтлэл биччихсэн юм. Тэр нийтлэлд манай залуучууд дэлхий дахинд хийж байгаа чөлөөт сэтгэлгээний бүтээл хийж байна. Балдандоржийн "Хөдөлгөөн", "Хөвсгөл нуур" зэрэг бүтээлүүд их шинэлэг, бусдаас эрс өөр болжээ гэж бичсэн байсан. Гэтэл үүнээс арваад хоногийн дараа Намын төв хорооны Улс төрийн товчоо, Сайд нарын Зөвлөл хуралдаж тогтоол гаргаад үзэсгэлэнг хаачихсан. Тэр үзэсгэлэнгийн талаар Улс төрийн товчоо өглөөний 8.00 цагаас шөнийн 12.00 цаг хүртэл хуралдсан гээч. О.Цэвэгжав миний багш л даа.
Сэтгэл гэдэг юу ч байхгүй хий хоосон юмыг зурна гэж юу байдаг юм бэ" гэж Ю.Цэдэнбал дарга шүүмжилж байсан юм даг.
Багш маань тэр үзэсгэлэнд "Эхийн сэтгэл" гэдэг бүтээлээ тавьсан юм. Гэтэл тэр зургийг "Эхийн сэтгэл гэж юу зураад байгаа юм. Сэтгэл гэдэг юу ч байхгүй хий хоосон юмыг зурна гэж юу байдаг юм бэ" гэж Ю.Цэдэнбал дарга шүүмжилж байсан юм даг. Цэвэгжав багш дараа нь "За, чи бид хоёр 1928, 29 онд байсан бол толгойгоо авахуулахаар юм хийжээ" гэж билээ. Тэр үед Цэвэгжав багшийн ээж нь нас барчихаад, хөөрхий, эхийнхээ ачийг бодоод тэр зургийг зурсан юм л даа. Тэр үзэсгэлэнгийн талаар нийтлэл бичсэн Цэнджавыг бас нийтлэл бичих эрхийг нь хасчихсан юм. Орост сургууль төгссөн манай анхны мэргэжлийн урлаг судлаач л даа.
Гадаадад сурдаг оюутнууд марксизм, ленинизмийг мэдэхгүй байна, эх орныхоо хөгжлөөс тасарч байна, гол нь хөрөнгөтний урлаг сурталчиллаа гэх мэтээр буруутгаж байсан юм.
–Бүр сургуульдаа буцаж очих ч эрхгүй болсон гэл үү?
-Эхлээд нэг жилээр шийтгэсэн юм. Тэр нь явсаар гурван жил болоод. Намайг социалист реализмыг уран бүтээлээрээ харуул. Тэгсэн цагт сургуульд чинь явуулна гээд буцаагаагүй. Нэг ёсондоо хүний дотоод сэтгэлийг мэдэрч түүнийгээ зурахыг хүлээж авдаггүй байж л дээ. Зурна гэхээр яг л нүдэнд харагдаж байгаа хүн, мал амьтныг ч юм уу зурах ёстой гэж үздэг байсан цаг шүү дээ.
Жанжин Сүхбаатарын ой, Лениний 100 жилийн ой, Ардын хувьсгалын ой гэх мэт сэдвээр баахан зурсан. "Төрийн сүлд" гэж шаазан шигтгэмэл бүтээл хийсэн. Яагаав, талбайн цэцэрлэгийн хойно, төрийн ордон руу харсан том хэмжээний бүтээл байдаг байсан шүү дээ. Олон жил тэнд байсаан. Дараа нь төрийн сүлдээ өөрчлөхөд аваад хаячихсан юм. Тэр маань Монголдоо бараг анхны том хэмжээний шаазан шигтгэмэл бүтээл болсон байх. Таван ханатай гэрийн дайтай том хэмжээтэй. Бас "Ленинизм мандтугай" гэж нэртэй шаазан вааран шигтгэмэл бүтээл хийсэн. Түүхийн музейд байдаг юм. Ардчиллын дараа үзүүлэхээ болиод подвальдаа аваачаад хийчихсэн. "Ертөнцийг өөрчлөгч хүч" гээд бас шаазан шигтгэмэл бүтээл бий. Одоо хаана байгааг хотын захиргаа л мэдэж байж магадгүй. Иймэрхүү маягаар улс төрийн сэдвээр, бас байгаль энэ тэр бодитойгоор зурж байж л арай хийж сургуульдаа буцаж очиж, төгсөх эрхээ авч байлаа.
Ингээд Прагийн урлаг үйлдвэрийн сургуульд магистр хамгаалсан. Хэрэгцээний уран зургийн мэргэжилтэн болж ирсэн. Миний Чехэд байсан багш бол Хятадад сурч байсан Ци Ба Ше гэдэг алдарт зураачийн шавь. Чехдээ бас зургаасаа болоод хэрэгт ороод ажилгүй байгаад намайг очих үед сургуульдаа багшилж эхэлсэн байдаг юм.
–Та Дүрслэх урлагийн сургуульд нэлээд олон жил ажилласан байх аа?
-Сүүлийн хориод жилд дүрслэх урлагийн сургуульд багшилж байгаад 2009 онд тэтгэвэртээ суусан. Дүрслэх урлагын сургууль, их сургуульд багшиллаа. Миний шавь дүрслэх урлагийн сургуульд ваар урлалын анги байгуулсан. Миний шавь байтугай шавийн шавь нар маань Монголын урлагийн салбарт одоо хүчин зүтгэж энэ Урчуудын эвлэлийг хүртэл манлайлаад явж байна даа. Шавь нараас минь төрийн шагналтангаар зогсохгүй арьсаар дэлхийд цор ганц бүтээл урлаж ард түмний баатар болсон хүн ч байгаад бахархах сэтгэл төрдөг юм. Миний хамгийн бага охин Чех улсад одоо докторын зэрэг хамгаалж байгаа.
Дүрслэх урлаг гэдэг бол хүн төрлөхтөнд амьдралын түүхийг хамгийн товч бөгөөд тодорхой тайлбарладаг. Амьдралын түүх тэр дундаа улс эх орон, байгаль ертөнц, ан амьтан, хувьсгал гээд бүхнийг харуулдаг.
Дүрслэх урлагийн бүтээлийг одоо цагт үнэлдэг болжээ. Манайх л гэхэд арваад уран зургийн галерейтэй болж.
Харамсалтай нь манайд дүрслэх урлагийн музей, зориулалтын барилга нь алга. Хувийн музей байлаа ч хөрөнгө мөнгөгүй. Сайхан бүтээлүүдийг улс нь хадгалж чадахгүй болохоор дандаа хувийн өмч болох эсвэл гадагшаа гараад байгаад харамсдаг юм. Энэ талаар анхаарах цаг удахгүй ирнэ гэдэг найдаж байна.
Дүрслэх урлаг гэдэг хэдхэн мөчийн дотор л хүнд асар их мэдээлэл өгдөг. Хараатай хүн л бол баримал, чулуу сийлбэр, хатгамал алийг нь ч ойлгоно шүү дээ.
–Таныг шагнал, элдэв цол гуншинд дургүй зураач гэх юм билээ?
-1998 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн болсны дараахан эхнэр минь нас барсан юм. Тэр цагаас хойш тэр ардын зураач гэдэг цолыг чинь би авахгүй шүү гэдэг болчихсон. Яахав намайг шагналд их тодорхойлдог л доо гэхдээ би авахыг хүсдэггүй. “Шагнал чинь угаасаа молиго шүү дээ” гэж би хэлдэг юм. Дүрслэх урлагийг ч олигтой үнэлэхгүй байж нэг их шагнаж, одон зүүлгэх гэдэг болсон нь таалагддаггүй. Бас ерөнхийлөгчөөсөө эхлээд л толгойтой болгон л бурхан байдаг гэж яриад байх юм.
Төрөх, үхэх хоёр бол үнэн. Бусад нь бол молиго юм аа л гэж би боддог.
Бурхан гэж байхгүй. Бурхныг хүн бий болгосон. Харин “Бурхан багш” гэвэл тэр чинь өсвөр насанд хүртлээ энгийн хүн байгаад гэрийн хорионд шахуу ном үзэж байсан ханхүү гэнэт гадаад амьдрал, ард түмний зовлонг олж хараад бясалгаж, гэгээрсэн л хүн шүү дээ. Тэгэхээр бурхан Будда чинь хүн байгаа биз. Христ ч бас адилхан. Уран бүтээлчид өөр өөрийнхөө өнцгөөс бурхныг маш олон янзаар зурсан. Монголчуудын залаад, тахиад, шүтээд байдаг Ногоон, Цагаан Дарь эх чинь хамгийн төгс сайхан эмэгтэйг зураачийн өнцгөөс харуулсан л бүтээл шүү дээ.
Гэтэл тэнгэрт бурхан гээд нэг юм байдаг. Үхэхээрээ бурхан болно, тэнгэрт очино гэж яриад байх юм.
Төрөх, үхэх хоёр бол үнэн. Бусад нь бол молиго юм аа л гэж би боддог. Энэ нийгэмд дандаа худлаа ярьж байна. Ялангуяа энэ хойч үе, залуусаа ийм мухар сүсгээр хүмүүжүүлмээргүй байна. Хүн өөрөө л бүхнийг бүтээсэн шүү дээ.
–Сүүлийн үед ёс заншил, мухар сүсэг гэдэг хоёр зүйл хоорондоо холилдоод байх шиг санагдах юм?
-Хүн гэдэг бол агуу бүтээгч. Нүүдэлчин соёл гэдэг бол дэлхийн хамгийн агуу соёл юм. Нүүдэлчин малчин хүн гэдэг чинь мал адгуусаа хайрлана, байгаль дэлхийгээ хайрлана, тэнгэр эцэг, дэлхий ээжээ хайрлана. Булгийн уснаас ус хутгахдаа ч ус бузарлана гээд сүү хутгаж байсан шанагаараа хутгаж авдаггүй л байсан ард түмэн шүү дээ.
Гэтэл өнөөдөр энэ бүхэн эсрэгээрээ болж, байгаль дэлхийгээ хайрлахгүй, гамнахгүй байна. Газар дэлхийгээ ухаж төнхөөд, алт, нүүрсийг нь аваад сүйрүүллээ. Манай нүүдэлчин соёл энэ өрнийн панзчин соёлтой огт таарахгүй. Панзчин өөрөө л баяжихыг бодно уу гэхээс хүнийг бодохгүй. Өнөөдрийн нийгэм нүүдэлчин соёлд маш их хор хүргэж байгаа.
Манай нүүдэлчин соёл энэ өрнийн панзчин соёлтой огт таарахгүй
Гэхдээ нөгөө талаар өнөөдөр дэлхий дээр хайрлах, хамгаалах гэдэг зүйл бага ч атугай сөхөгдөж эхэлж байгаад бас талархаж байгаа.
Тийм ч болохоор би шавь нартаа энэ дэлхий ертөнцийг хайрлаж, хамгаалъя гэсэн утга санаатай бүтээл түлхүү хийгээрэй гэж захидаг болсон.
Нүүдэлчин малчин соёл гэдэг нь хүн төрөлхтний хамгийн агуу соёл шүү дээ. Сансарт өчнөөн олон хиймэл дагуул хөөргөснөөс болоод тэнгэр минь сэмж шиг цоорхой боллоо. Нарны хэт улаан туяанаас болоод хойд, урд мөсөн далайд ямар их хохирол учраад байгаа билээ дээ. Үүнийг бүгд л мэдэж байгаа.
–Хүзүүндээ зүүсэн медаль тань ямар содон юм бэ. Монгол бичгээр “Мөнх тэнгэрийн язгууртан” гэж бичсэн байгаа юм уу?
-Соён гэгээрүүлэгч нийгэмлэг гэж байдаг даа. Тэр газраас миний бүтээлийг үнэлж дуудлага худалдаа зарлаад Чингис хааны зураг минь 8.888.888 төгрөгөөр үнэлэгдэж зарагдсан. Анх удаа л тийм дуудлага худалдаанд ороод, шагнуулсан хэрэг. “Мөнх тэнгэр язгууртан” гээд миний хувьд их үнэ цэнэтэй зүйл л дээ. Уран бүтээлч хүний хамгийн гол зүйл чинь бүтээлээ үнэлүүлэх, түүнээсээ урам зориг авах шүү дээ. Ер нь надад Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны одонгоос бусад нь бол бий шүү.
–Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье?
-Баярлалаа. Дүрслэх урлагийг хүн бүхэн эрхэмлэж, үр хүүхдүүддээ ойлгуулах хэрэгтэй. Ер нь хүн бүр л юмхнаар юм хийдэг чадвартай болох хэрэгтэй. Мод байвал сийлчихдэг, чулуугаар бүтээл хийчихдэг. Ер нь манай өвөг дээдсүүд чинь бүгд л уран, дор бүрнээ багахан уран бүтээлчид байлаа шүү дээ.
Хамгийн бүтээлч санаа гэдэг энэ дүрслэх урлагаас л төрдөг. Тийм ч учраас “Ард түмэн минь үр хүүхдүүдээ бүтээлч хүн болгож хүмүүжүүлээрэй” гэж өвгөн зураач нь захья.
П.Балдандорж гуай "Аавын хөрөг" зургийнхаа дэргэд