Дэлхийн алдарт Dj Trentino өнөөдөр Монгол улсад газарджээ. Тэрээр өнөөдөр “Шонхор” плазад мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр “Chicago” клубын захирал Б.Батсайхан, “Paparatsi.mn” сайтын захирал Н.Ариунцэцэг, Dj Trentino, хөөмийч Н.Наранбадрах нар оролцсон юм.
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 30-нд болох DJ Trentino-ын шоунд Олон улсын хөөмийчдийн наадмын гурван удаагийн Гранпри шагналын эзэн Н.Наранбадрах оролцох бөгөөд транс хөгжмийн хэмнэлд хөөмийн урлаг хэрхэн хослохыг харуулах нь ээ. Мөн шоуны үеэр циркийн үзүүлбэрүүд болон “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амраа оролцох бөгөөд ОХУ-ын үзэсгэлэнт зургаан бүжигчин бүсгүйг шоундаа урилгаар авчиран бүжиглүүлэхээр болсон тухайгаа шоуны зохион байгуулагчид хэлж байлаа.
Анх DJ Trentino нь Монгол үндэсний урлагуудын нэг болох хөөмийн урлагийг сонирхож Монгол явах болсон тухайгаа ч бидэнтэй хуваалцсан юм.
DJ Trentino-той ярилцсанаа уншигчиддаа хүргье.
-Монголд ирсэн анхны сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-АНУ-аас Монгол руу 24 цагийн туршид нисч ирлээ. Хүйтэн уур амьсгал, цаг агаарт одоо хүртэл жаахан дасаагүй байна. Монгол их үзэсгэлэнтэй газар юм. Өндөр уулсыг хараад сэтгэл маань их хөдөлсөн шүү. Энэ үзэсгэлэнтэй газар ирсэндээ миний хувьд их баяртай байна.
-Монгол үндэсний урлаг болох хөөмийн урлагийн тухай хаанаас олж мэдсэн бэ. Транс хөгжим дотроо маш олон төрөлтэй шүү дээ. Таны хувьд ямар төрлийн транс хөгжмийг ихэнхдээ тоглодог вэ?
-Би хөгжмийн сургуульд суралцдаг байсан. Мэдээж хөгжмийн урлагаар суралцаж байсан учраас маш олон төрлийн хөгжим сонсож ажиллах хэрэг гардаг. Мөн надад Чикаго хотод амьдардаг монгол найз бий. Найз маань надад хөөмийг анх сонсгож байсан нь миний сонирхолыг нилээд татсан шүү.
Ерөнхийдөө одоогоор миний тоглож байгаа хөгжмийн төрөл бол “Deep house”, “House music”, “Hip hop” электро хөгжим дээр тулгуурласан уран бүтээл туурвидаг гэж ойлгож болно. Мөн дэлхийн томоохон уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байсан. Томоохон уран бүтээлчдээс Kanye West-ыг дурьдаж болно. Би өөрөө хип хоп орчинд өссөн шүү дээ. DJ болоход маань өссөн орчин маань ч чамгүй нөлөөлсөн шүү. Гэхдээ одоо бол ихэнхдээ техно хөгжмөөр голлож тоглодог. Гэж бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм.
Хөөмийч Н.Наранбадрах бидний асуултанд:
-Та урьд нь ямар DJ-тэй хамтарч ажиллаж байсан бэ?
-Энэ хөгжмийн урсгалаар уран бүтээл туурвидаг Dexon D гэж DJ-тэй хамтран нилээд хэдэн орноор тоглолт хийсэн. Миний хувьд анхны удаа биш учраас ойлголцоход, цуг нэг тайзан дээр хамтран ажиллахад дөхөм байх болов уу. 2006 онд мөн “Next” студийнхэнтэй хамтран “Салхиар дуулагч” гэх транс цомог гаргаж байсан удаатай.
-Үндэсний язгуур урлагийг орчин үеийн хөгжмийн хэмнэлтэй нэгтгэн уран бүтээлээ туурвидаг чамгүй олон хамтлаг дуучид бий. Таны хувьд цаашдаа энэ чиглэлээр ажиллах бодол бий юу?
-Мэдээж үндэсний хөгжмийн хамтлагууд маань үндэснийхээ хөгжмийг дэлхийн өнцөг булан бүрт таниулах гараагаа маш сайн хийсэн гэж хэлж болно. Миний хувьд гоцлол талаас нь тоглодог шүү дээ. Тийм ч учраас энэ гоцлолоороо дэлхийд үндэснийхээ язгуур урлагийг таниулах зорилготой байгаа. Энэ зорилгыг маань DJ Trentino-той хамтарсан тоглолт харуулах болов уу.
-Хөөмий, транс хөгжмийг холбодог зүйл юу байдаг юм бол. Яагаад таны хувьд транс хөгжимтэй хөөмийн урлагийг нэгтгэх зорилгыг өмнөө тавих болсон бэ?
-Миний бодлоор байгаль дэлхийн дуу чимээ, салхины исгэрээн энэ бүгд электро хөгжмийн чимээтэй төстэй санагддаг. Тэр ч утгаараа үндэсний хөөмийн урлагийг электро хөгжимтэй хослуулах хүсэлтэй болсон. Ялангуяа Монгол үндэсний урлагийг барууны орнуудад эрчимтэй хөгжиж байгаа энэ хөгжмийн төрөлтэй нэгтгэвэл олон жилийн түүхтэй язгуур урлагаа олон улсад сурталчилж чадах юм болов уу гэж боддог.
-Урьд нь транс хөгжмийн DJ-тэй хамтарч ажиллаж байсан. Тэгвэл энэ удаад юугаараа өөр байх бол. Таны зүгээс хүлээж байгаа хүлээлт юу вэ?
-Өмнөх DJ-тэй таван төслийн хүрээнд ажилласан. Trenito-той цаашдаа хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа. Дэлхийг тойрсон аялан тоглолт ч хийж болох юм. Одоогийн байдлаар цаашдаа хэрхэн хамтарч ажиллахаа ярилцаж байна л даа.
-Та түрүүн хэвлэлийн хурлын үеэр “бид хоёрын тулаан” гэж хэлсэн. Энэ ямар учиртай юм бол?
-Тулаан гэж нэрлээд байгаа нь бид хоёр ярилцахгүйгээр шууд нэг тайзан дээр хамтарч тоглоно гэсэн үг л дээ. Энэ хүн хөгжмөө тоглоход би мэдрэмжээрээ тоглоно л гэсэн утгатай юм. /Инээв/.
-Бэлтгэл хийхгүй шууд маргааш тайзан дээр хамтарч ажиллах нь ээ?
-Тийм шүү. Ер нь бэлтгэл хийхгүй биенийхээ хөгжмийг сонсохгүй байж байгаад тайзан дээр хэрхэн биенийгээ мэдэрч тоглоно л гэсэн үг шүү дээ.
-Сүүлийн үед ахмадуудын хувьд орчин үеийн хэмнэлтэй ардын урлагийг нэгтгэх нь буруу зүйл. Үндэсний, уламжлалт зүйлс нь устаж байна гэсэн шүүмжлэлийг хэлэх болсон?
Хөөмийн урлагийг транс хөгжимтэй хослуулахаар үндэсний хэв маяг нь алдагдаж байна гэж хүмүүс их ярих болсон. Гэхдээ үндсэн дуугаралт техник, уламжлалт өнгө нь алдагдахгүй шүү дээ. Дэлхийд эх орноо таниулахын тулд тухайн хөгжиж байгаа хөгжмийн урлагтай нь хослуулж ойлгуулж, таниулчихсан байхад дэлхийн бусад орныхон эргээд Монгол үндэсний язгуур урлаг гэдэг зүйлийг сонирхож эхлэнэ шүү дээ. Шууд үндэсний хэлбэрээр нь олон улсад таниулахад зарим нь ойлгох ч зарим нь ойлгохгүй болов уу.
Эх сурвалж : paparatsi.mn