Монгол улс драмын төрлөөр анх удаа олон улсаас Гран При шагнал хүртсэний гол эзэн нь жүжигчин СТА Ц.Баясгалан. Энэ удаагийн "Чухал яриа" буландаа 2014 оныг амжилт бүтээлээр дүүрэн үдсэн жүжигчин СТА Ц.Баясгаланг урилаа. Түүнийг драмын урлагт цахиур хагалах жүжигчин гэвэл маргах хүн цөөн. Гэлээ гээд жүжигчин бүсгүй маань "оддын өвчнөөр" хийрхдэггүй нэгэн. "Би од биш шүү дээ" хэмээн даруухан өгүүлэх түүний ярилцлагыг уншигч таньд хүргэж байна.
-Өнгөрсөн 2014 он таны хувьд яах аргагүй онцгой жил байлаа. Амжилт бүтээлээ та өөрөө дүгнэвэл?
-Өнгөрсөн 2014 он болоод морин жил маань уран бүтээлчийн минь хувьд үр бүтээл ихтэй, амжилт арвин жил байлаа. Дөрөвдүгээр сард болсон Косово улсын Пеяа хотод зохион байгуулагдсан “МонАкт-2014” фестивальд 13 орны 70 гаруй уран бүтээлч ур чадвараа сорин олролцсноос Монгол Улс драмын төрлөөр анх удаа олон улсаас Гран При шагнал хүртлээ. Энэ бол миний хувьд хамгийн үр дүнтэй ажил минь байлаа. Энэ хөдөлмөрийг маань төр засаг маань үнэлсэн. “ЮНЕСКО”-гоос жил бүр зохиогддог Олон улсын моно жүжгийн уралдаанд Гран При хүртвэл 65 сая төгрөгийн урамшуулал олгодог юм байна. Зургаан жилийн өмнө энэ журам батлагдсан юм билээ. Бид хаашаа ч явдаггүй болохоор ийм журам байдаг гэдгийг мэддэггүй өдий хүрчээ. Мөн театрынхаа “Долоон найруулагч, долоон жүжиг” төслийн хүрээнд Дарио Фогийн “Чөлөөт хос” жүжгийг Ч.Найдандорж найруулагчийнхаа удирдлаган дор тайзнаа тавилаа. “Чөлөөт хос” жүжиг маань нэг цаг, гучин минутын турш дуулж бүжиглэж, жүжиглэж завсарлах зайгүй өрнөдөг учраас жүжигчдээс маш их тэвчээр шаарддаг. Тиймээс энэ жүжгийнхээ гол дүрийг бүтээсэндээ би их олзуурхдаг юм. Үүнээс гадна жүжигчин болсноос хойшхи 20 жилийн үр бүтээлээ үзэгчдэдээ тайлагналаа. Би уран бүтээлчийнхээ хувьд олонд танигдахын тулд таарсан болгонд тоглож, жүжиглэн, реклам бүрийг алгасдаггүй жүжигчин биш. Миний багш АЖ Т.Гантөмөр “Есөн шидийн реклам сурталчилгаа янз бүрийн юманд тоглов. Болохгүй шүү. Чи бол ерөөсөө л драмын театрын тайзан дээр амьдрах ёстой хүн” гэдэг юм. Харин тайлан тоглолтоо хийсний дараа багш маань “Одоо миний хүү дуртай юмандаа тоглож болно шүү” гэж 20 жилийн дараа намайг үнэлсэн. Ингээд бодохоор багш маань намайг “жүжигчин болох болоогүй” гэж боддог байсан юм шиг. Багшаараа ингэж үнэлүүлэх надад том шагнал. Би драмын урлагийг үнэлж, дээдэлж явдаг. “Би Эдит Пиаф байна" жүжгийг надад өгснөөс хойш хоёр жил өнгөрчээ. Энэ үеэр яамныхан үзээд хоёр дахь жүжгээ тавих боломж олгосон нь Б.Галааридын “Тэнгэрийн аялгуу” зохиол байсан. Соёл урлагийг хөгжүүлэх сангаас 15 сая төгрөгийн төсөв гаргаж өгсөн. Энэ бол монгол ардын урлаг, зан заншил, ёс уламжлалыг тод томруун харуулсан гадаадынхан үзэхэд ихийг ойлгуулж мэдүүлж чадах онцлогтой бүтээл болсон.
-Та ирээдүйгээс юуг хүсэж байна. Энэ ондоо юуг төлөвлөж байна?
-Би дүр бүрийг сэтгэл зүрхнээсээ нэг ч алдаа гаргахгүйгээр бүтээхийг эрмэлздэг. Хамгийн ойрын бүтээл болох “Хэлж зүрхлээгүй хайр” жүжгийн бэлтгэлээ чанартай хийхээр мэрийж байна. Үүний дараа “Чөлөөт хос” жүжгийн бэлтгэлдээ орох байх. Үзэгчид маань хамгийн чухал учир би бага ч гэсэн алдаа гаргаж болохгүй. Жүжиг маань завсарлага байхгүйгээр нэг цаг 30 минутын турш дуулж бүжиглэж, хөдөлгөөн ихтэй өрнөдөг учир ядарч амьсгаадах тал бий. Тиймээс энэ жүжигтээ биеэ бэлдэнэ. Мөн хэд хэдэн кино санал байгаа. Үүн дээр ажиллахаар төлөвлөөд байгаа. Бас нэг томоохон ажил нь Монголдоо моно жүжгийн төрлийг хөгжүүлэх. ЮНЕСКО-гийн шүүгчид Монголдоо моно жүжгийн фестивалийг зохион байгуулах санал тавьсан. Үүний дагуу 2015 оны 10 дугаар сард дэлхийн долоон орны долоо шилдэг жүжигчин эх оронд маань ирж энэ фестивалийг зохион байгуулах гэж байна. Зохион байгуулж байгаа улс орон нь өөрийн жүжгээрээ нээдэг уламжлалтай юм байна лээ. Тиймээс бид хамгийн сайн гэсэн уран бүтээлээ шалгаруулахаас эхлээд ажил их байна. Миний хувьд ирэх оны гуравдугаар сард Германы фестивальд оролцох урилга авсан.
-Уран бүтээлчид, тэр тусмаа дуучид яруу найрагчид хайртай аав ээждээ, дотны хүндээ зориулж бүтээл туурвидаг. Таны хувьд хэн нэг дотны хүндээ зориулан бүтээсэн дүр бий юу?
-Одоохондоо алга. Гэхдээ Б.Галааридын зохиол “Тэнгэрийн аялгуу” моно мюзикл жүжиг маань эх хүний хайр энэрлийг өгүүлдэг учраас би ээжийгээ хайрлан байж дүрээ бүтээсэн. Мөн “Шар тэнгисийн тарчлаан” жүжиг маань байгаль дэлхийгээ хайрлан энэрэхийг надад зааж сургасан. Би энэ жүжгээрээ дамжуулан эх орны минь ширхэг чулуу, ганц цэцгийн дэлбээ ч үнэ цэнэтэй, үүнийг хүн бүр эхийгээ хайрладаг шиг хайрлаасай гэдгийг хүн бүрт ойлгуулахыг хичээсэн.
-Та хэр нууцлаг хүн бэ? "Оддын өвчин" гэгддэг олон нийтийн хараанд байхыг хүсдэг тал таньд бий юу?
-Би өөрийгөө “од” гэж боддоггүй. Ер нь театрт жүжиг үздэг хүмүүс л мэдэхээс, намайг хүмүүс нэг их таньдаггүй шүү дээ. Би жүжигчин юм чинь гээд үнэтэй тансаг машин унадаггүй, гадуур гарахдаа ганган хээнцэр алхдаггүй. Гоёж гоодохдоо муу. Олонд танигдахын тулд телевизээр давтаж гардаг рекламанд тоглоод явахыг хүсдэггүй.
-Та хамгийн сүүлд нийтийн тээврээр хэзээ үйлчлүүлсэн бэ?
-Удаж байна. Гэхдээ би биеэ тоогоод суухгүй байгаа юм биш л дээ. Манай гэр театртай ойрхон болохоор би алхаад л ажилдаа ирчихдэг. Ер нь миний нэг өдрийн маршрут маань театр, гэр л гэж өрнөдөг.
-Та хэр брендлэг вэ? Монголынхоо үйлдвэрлэлийг дэмждэг үү? Нэг үеэ бодвол бид дотооддоо үйлдвэрлэл эрхэлж эхэллээ. Монголынхоо үйлдвэрийн хэрэглэгч байж чаддаг уу?
-Чаддаг шүү. Би Оросоос ирсэн гээд л үнэтэй сүү сүүн бүтээгдэхүүн авдаггүй. Монголынхоо хүнс, цагаан идээг илүүд үздэг. Гэртээ өмсөн углаашаа хүртэл дотоодынхоо бүтээлийг сонгодог. Нэг хэсэг Монголынхоо гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх гэж үзсэн. Хэд хэдэн сонголт хийсэн. Миний арьс их эмзэг болохоор харамсалтай нь тохирох бүтээгдэхүүн байгаагүй. Хөлрөх, юм гараад байсан учраас би хэрэглэхээ больсон. Брендийн хувьд хэт туульширч заавал бренд өмсөнө, бренд хэрэглэнэ гэдэггүй. Таалагдсанаа л сонгодог.
-Уран бүтээлчид удаан хамт ажиллаад ирэхээр харцнаасаа л нэгнээ ойлгодог, алтан порнёрууд болдог гэсэн. Таньд ч бас хаана ч хэзээ ч гар нийлж ажилладаг хамтрагчид байдаг байх.
-Байлгүй яахав. АЖ Сарантуяа эгчтэйгээ их сайхан гар нийлдэг шүү. Бас МУГЖ Оюундарьтайгаа олон уран бүтээл дээр хамтарч ажилладаг болохоор бид нэгнээ их сайн мэдэрдэг. Эби Боогий хоёртойгоо бас их сайн хамтрагчид байж чаддаг.
-Есөн жилийн дараа жүжигчин Эрдэнэбилэг Болд-Эрдэнэ хоёртой хамтран тоглодог “Нууц амраг чинь болъё“ жүжгээ дахин тоглох гэж байгаа гэсэн. Яагаад жүжгийн нэрээ өөрчлөөд “Хэлж зүрхлээгүй хайр” гэх болов. Жүжгийн тухайд?
-С.Жаргалсайханы зохиол, найруулагч Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын бүтээл "Хэлж зүрхлээгүй хайр" уянгын драмын жүжиг маань Гэгээн хайрын баярт зориулан тоглогдох гэж байна. Хамгийн анх 2006 онд "Нууц амраг чинь болъё" нэртэйгээр Н.Наранбаатар найруулагч маань анх тайзнаа амилуулж “Гэгээн муза” наадмын шилдэг жүжгийн шагналыг хүртэж байсан. Жүжиг маань залуусын хайр дурлалын ээдрээ, гунигтай гэхээс илүү хүнд ухаарал хайрласан бүтээл. Нэрний хувьд хайртай залуугаа хэлс хэргээс аврахын тулд сэтгэлт бүсгүй нь их сургуулийн багшдаа “Нууц амраг чинь болъё” гэж хэлдэг хэсгээс үүдэн энэ жүжиг анх ийм нэртэйгээр олны хүртээл болж байсан. Жүжгийн агуулгад бол тийм ч хүнд хэсгүүд байдаггүй. Гэтэл зөвхөн жүжгийн нэрнээс болж хүмүүс хэт хүндээр хүлээн авч байсан учраас найруулагч маань зохиолчийн хүүтэй нь ярилцан нэрийг нь өөрчилсөн. Жүжгийн утга агуулгад өөрчлөлт бол ороогүй. Анх тоглогдож байх үеийн уран бүтээлчид дахин жүжгийг амилуулж байгаа гэдгээрээ онцлог. Үзэгчид ч мөн адил дотно хүлээж авах байх. Миний дүр бол Шүр гэдэг охины дүр. Нилээн задгай, хэрсүү хэрнээ мөн чанар сайтай, анги хамт олноо гэсэн сайхан сэтгэлтэй охин байгаа. Жүжиг маань 13-15-ны өдрүүдэд театраа тайзнаа тоглогдоно.
-Гэгээн хайрын баяр, Үндэсний баяр Цагаан сар, Март-8 гээд тэмдэглэлт өдрүүд ар араасаа цуварч эхэллээ. Танай гэр бүлийн хувьд хамгийн онцгой баяр ямар баяр вэ?
-Ахмадуудаа хүндэлдэг гэдэг утгаараа би Цагаан сарыг ээждээ зориулж өргөн дэлгэр тэмдэглэдэг. Гурван сарын найманд ч бас дутахааргүйгээр ээжийгээ баярлуулахыг хичээдэг. Хүү минь одоо 18 хүрч байна. Жил бүр хүүгийнхээ төрсөн өдрийг чухалчлан тэмдэглэдэг. Хамаатныхаа хүүхдүүдийг бүгдийг нь урьж байгаад л би өөрийн гараар пицца хийж өгдөг. Энэ бүр уламжлал болоод байгаа.
Ярилцсанд баярлалаа. Таньд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Ярилцсан С.Батзаяа
Эх сурвалж: Chuhal.mn