“Blue moon” арт галерейн захирал Э.Тэмүгэтэй ярилцлаа.
-Залуу уран бүтээлчид үзэсгэлэн гаргах нь ховор байдаг шүү дээ. Магадгүй нилээд зориг шаардах байх?
-Гоё асуулт байна. Залуу уран бүтээлчид үзэсгэлэн гаргах нь үнэхээр ховор байдаг. Мэдээж тодорхой хэмжээний зориг шаардагддаг. Миний бодлоор уран бүтээлч хүн бүрийн дотор багахан айдас байдаг юм болов уу гэж боддог. Өөрийгөө арай болоогүй, өөрөө өөртөө эргэлзэх айдас гэх үү дээ. Энэ айдас уран бүтээлч хүн бүрийн дотор байдаг гэвэл буруудахгүй болов уу. Миний хувьд ч энэ төрлийн айдас байсан. Гэхдээ уран бүтээлч гэдэг утгаараа зургаа зурах нь тодорхой. Хэзээ нэгэн цагт үзэсгэлэнгээ гаргах нь цаг хугацааны л асуудал шүү дээ. Тиймээс эртхэн өөрийгөө нээж олон таниулах нь чухал. Залуу гэж өөрийгөө гололгүй зориг гаргах нь чухал л даа. Хүмүүст өөрийнхөө бүтээлийг хүргэх хүргэхгүй дээ чухал биш. Тэр хүн бүтээлээ хийж чадаад үзэсгэлэнгээ гаргана гэдэг өөрөө маш том ажил.
-Та өөрөө зураач тэрнээс илүүтэйгээр бизнес эрхлэгч гэвэл буруудахгүй. Таныг ажиглаж байхад уран бүтээлчийн ажлаас илүү түлхүү зураачдын бүтээлийг олон нийтэд хүргэх гэж ажилладаг юм болов уу гэсэн бодол хаяа төрдөг?
-Мэдээж галерейн үйл ажиллагааг алдагдуулалгүй өөрийнхөө бүтээлээр үзэсгэлэн гаргах нь нилээд өндөр ачаалалтай ажил юм байна. Бүтээл хийхэд орчноосоо тасрах шаардлага гардаг.Уран бүтээлчид маань илүү сайн ойлгох болов уу. Үзэсгэлэнгийнхээ бүтээлийг хийх гэж зураачид маань хэдэн жил сараар урлангаасаа гаралгүй суух тохиолдол байдаг. Миний хувьд өдөр нь галерейнхаа ажлыг хийж оройдоо бүтээлээ хийхэд нилээд хүнд байлаа. Сүүлийн нэг сарын хугацаанд ажлаа бараг л хаясан шүү. Инээв. Манай хамт олны зүгээс надад маш их туслаж байсан учраас бүтээлээ хийх цагийг надад гаргаж өгсөн гэж хэлж болно. Ер нь хүнээс гаргаж болох хамгийн том тусламж, золиос бол цаг хугацаа юм болов уу гэж боддог. Тэр ч утгаараа найз нөхөд хамт ажилладаг хүмүүсийн маань хамгийн үнэ цэнэтэй тусламж, надад маш том сэтгэлийн дэм болсон доо.
-Эмэгтэй залуу зураач, галерейн захирал гэдэг утгаараа олон нийтээс өндөр шүүмжлэл дагуулах магадлалтай. Ер нь галерейн захирал өөрийнхөө бие даасан үзэсгэлэнг гаргасан тохиолдлыг өмнө нь сонсож байсангүй. Шүүмжлэл таньд ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Шүүмжлэл нилээд ирэх байх гэж бодож байна. Уран бүтээлч талаасаа, бизнес, галерейн өнцгөөс ч чамгүй шүүмжлэл дагуулах байх. Гэхдээ шүүмжлэлээс миний хувьд айдаггүй. Нэг тийм үг байдагдаа “Магтлаа гэж бүү баяс. Мууллаа гэж бүү гунь” гэж үг бий. Үүнтэй адил шүүмжлэл авлаа гэж гутрахгүй. Авах шүүмжийг авч, хаяах үгсийг ч хаяж чаддаг байх ёстой. Шүүмжилж байж гэмээнэ хөгждөг юм болов уу. Миний хийж байгаа бүхэн төгс биш шүү дээ. Шүүмжлэлээс би нэгдүгээрт айхгүй байна. Хоёрдугаарт хүн юм хийж байгаа хүнийг л шүүмжилдэг. Юу ч хийхгүй байгаа хүнийг хэн ч шүүмжилдэггүй шүү дээ. Ер нь бол их зүйлийг хийж чадаж байгаа хүнийг л шүүмжилдэг.
-Шулуухан хэлэхэд олон нийт таныг зураач гэдгийг мэдэхгүй. Харин Blue moon арт галерейн захирал гэдэг өнцгөөс л мэднэ?
-Уран бүтээлчид маань гадарлана. Гэхдээ миний уран бүтээлийг тийм ч сайн мэдэхгүй. Мэдээж уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж байгаа залуу хүн учраас. Хувь хүн талаасаа галерейгаа өөрийнхөө хүслээр ажлуулдаг. Бага насны маань мөрөөдөл байсан учраас энэ ажлыг хийдэг гэх үү дээ. Гэвч цаад хувь хүн маань уран бүтээлч шүү дээ. Уран бүтээлч хүн бүтээлээ хийлгүй удахаар уран бүтээлээсээ төсөөрөх тал бий. Надад ч мөн энэ асуудал тулгарсан гэхдээ даван туулж чадсан шүү. /Инээв/.
-Надад бас нэгэн сонирхолтой мэдээлэл байна л даа. Та өөрийнхөө нэг бүтээлийн дуудлага худалдааг хийнэ гэх мэдээлэл үнэн болов уу. Тэр болгон зураачид дуудлага худалдааг үзэсгэлэнгийнхээ үеэр хийгээд байдаггүй шүү дээ?
-Магадгүй сонин тохиолдол байх л даа. Галерей ажиллуулдаг хүний хувьд энэ бол энгийн л зүйл. Энэ тохиолдол Тэмүгэ хоёр хүний дүрд тоглож байгаа юм л даа. Өөрөө үзэсгэлэн гаргаж байгаа уран бүтээлч, өөрийхөө үзэсгэлэнг өөрөө зохион байгуулж байгаа юм. Дуудлага худалдаа хийх нь үнэн. “Аялгуу” нэртэй үзэсгэлэнгийнхээ гол бүтээлийг дуудлага худалдаанд оруулна. Үүрийн эгшиг гэх бүтээлээ дуудлага худалдаанд оруулана даа.
-Зураачийн бүтээлд өнгөний сонголт их чухал юм шиг ээ?
-Тийм шүү. Өнгөөр өөрийнхөө бүх үзэл бодол ертөнцийг илэрхийлдэг учраас тэр шүү дээ. Энэ удаагийн үзэсгэлэнд завсрын өнгө их гололж байгаа. Яахав тод өнгөтэй ганц хоёр бүтээл бий. Миний бүтээлийн өнгөний сонголт хоёроос гурван өнгөн дээр л тоголдог. Ууссан өнгө гэж тооцох юм бол үсрээд л таван өнгөний ньюанс гэх үү дээ. “Аялгуу” гэх үг хүнд дууны аялгуу ч юм уу. Дуу дуулах гэж ойлгох боловч цаад үзэсгэлэнгийн маань гол утга санаа нь орчлон ертөнцийн бүх зүйл өөрийн гэсэн аялгуутай байдаг гэх л санааг агуулж байгаа юм.
-Уран бүтээлч гэр бүлтэй. Аав, ээж, эмээ, өвөө гээд танай гэр бүлийнхэн бүгд л уран бүтээлчид. Тэр утгаараа хөндлөнгийн хүмүүст хамгийн түрүүнд эцэг, эх гэр бүлээрээ өөрийнхөө бүтээлийг дэглүүлэх, туслуулсан гэх бодол төрөх нь ойлгомжтой?
-Миний уран бүтээлд эцэг, эхийн маань нөлөө байхгүй. Харин хувьд хүн, уран бүтээлч болж төлөвшихөд мэдээж их нөлөө үзүүлсэн. Өнөөдрийн уран бүтээлд маань нөлөөлөл байдаггүй. “Аялгуу” үзэсгэлэнгийнхээ нэг ч бүтээлийг аав, ээж хоёртоо харуулаагүй. Урлан маань ч тусдаа байдаг учраас уран бүтээлчийн хувьд эцэг эхээс ангид байдаг шүү. /Инээв/.
Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа
“Миний аялгуу”
Миний аялгуу маргаашийг өчигдөртэй нь огтлолцуулж
Миний аялгуу сэтгэл татмаар эгшиглэж эхэлхэд өөрийн эрхгүй тайвширан бүүвэйлэгддэг
Миний аялгуу нотоор эгшиглэдэггүй
Миний аялгуу тэнгэрт татсан солонго шиг өнг өнгөөр сүлэлдэн уянгалдаг
Бийрний минь үзүүрт бүжих будгууд
Би, бидний сэтгэлийн учиганд хүрч хөг нэмэн сонсдох аж
Булчин хэрэггүй миний аялгуунд хайр, аз жаргалын эгшиг холилдон урсах мэт.. /Э.Тэмлүүн/
Эх сурвалж: www.ontslokh.mn