Монголын Үндэсний музей “Монгол төрийн мэргэн өвөө” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Жамсрангийн Самбуугийн мэндэлсэний 120 жилийн ойд зориулсан бөгөөд Монголын Үндэсний музей, Самбуу сантай хамтран олон нийтэд толилуулж байгаа юм байна.
Ж.Самбуу гуайг Монголын ард түмэн өнөөг хүртэл амьд хэвээр нь дурсан санаж, домоглон ярьдаг билээ. Ж.Самбуу XIX зууны эцсээр төрж XX зууны эхэнд боловсрол эзэмшиж, бага залуу наснаасаа төрийн хэрэгт насан буурай болтлоо зүтгэж Монгол Улсын өөдлөн дэвжсэн нэгэн зууны түүхийг бүтээлцсэн төрийн нэрт зүтгэлтэн билээ.
Ж.Самбуу 1895 онд Түшээт хан аймгийн Зоригт ван Цэрэнбаавайн хошуу одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутагт ард Жамсрангийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 1915 оноос Хошуу тамгын газар бичээчийн алба хашиж эхэлжээ. 1923-1929 он хүртэл Ардын засгийн газрын сангийн яаманд бичээч, нягтлан бодох эрхэлсэн түшмэлийн албыг хашиж байв.Ж.Самбуу нь 1929-1932 онд Богдхаан уулын аймгийн дарга, хожим нь Өмнөговь аймгийн анхны даргаар томилогдон ажилласан. 1937 оны сүүлч хүртэл БНМАУ-ын Мал тариалангийн яаманд хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
Ж.Самбуу нь Монголын нэрт дипломатч бөгөөд 1937 оноос ЗХУ-д суух Элчин сайд, 1946 оноос Гадаад Яамны Алс дорнодын хэлтсийн дарга, 1950 онд БНАСАУ-д суух Бүрэн Эрхт Элчин Сайд, 1951-1954 онд Гадаад явдлын яамны орлогч сайдын албыг хашиж байв.
1954 онд МАХН-ын Төв хорооны бүрэлдэхүүнд орж, Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүнээр сонгогдон, БНМАУ-ын Ардын Иххурлын тэргүүлэгчдын даргын өндөр тушаалд дэвшин ажиллаж байжээ. Тэрбээр БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, Улс түмний хоорондын Энх тайвныг бэхжүүлэхийн төлөө Ленины шагнал хүртсэн Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн билээ.
Монгол төрийн төрийн торгон жолоог 1954-1972 он хүртэл насан элтэлээ атгалцаж, төр түмнийхээ үйл хэргийн төлөө нэгэн биеийн алжаалыг үл огоорон чин шудрагаар, түвшин нуруутай зүтгэж ажилласан манай ард түмний эгэл хүү, ардын хувьсгалын партизан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн, дипломатч Ж.Самбуугийн амьдрал түүхийг өгүүлсэн “Монгол төрийн мэргэн өвөө” үзэсгэлэнг таалан сонирхоорой.
www.urlag.mn