Энэ жилийн Даншиг наадам мисстэй болоод авсан. Даншгийн үеэр жороо морь, үндэсний хувцас, гоо үзэсгэлэнгээрээ наадамчин олны нүд, сэтгэлийг баясгаж, олон нийтийн сүлжээнд хоногийн турш “гол баатар” болсон М.Баярмаа бүсгүй цахи ертөнцийн од болсон. Түүний гэрэл зургийг М.Зоригт гишүүн авч олны хүртээл болгосон.
Тэрбээр Сэлэнгэ аймгийн Баруунхараа буюу Баянгол суманд хүүхэд насаа үдсэн. Тэднийх өвөг дээдсийн өвлөж үлдээсэн хурдан удмын адуутай айл болохоор багаасаа л адуундаа явах, гүүгээ саах гээд хөдөөгийн хүмүүсийн хийдэг бүх л ажлыг хийж өссөн аж. Түүний аав нь аймгийнхаа алдарт уяач н.Мижиддорж гэж хүн байдаг гэнэ. Авга ах нь бас Монгол Улсын алдарт уяач. Тийм болохоор наадамд морьдоо сойж, дүү нар нь унадаг байж. Харин М.Баярмаа том биетэй хүүхэд байсан болохоор уралдааны морь цөөхөн удаа унасан байсан гэнэ шүү. Ирэх жилийн уралдаанд орохоор болсон тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
"Хүмүүсээс маш их бахархаж, хүндэтгэсэн хандлагыг мэдэрч байгаа. Сумын наадамд бол бүсгүйчүүд морь унах нь байдаг л зүйл. Харин хот газар энэ нь ховор тохиолдол болохоор олны нүдэнд содон тусч байгаа байх л даа. Ямар ч байсан ийм олон хүний бахархлыг сэргээж, дараа жилийн наадмаар ингэж гоёх юм шүү гэсэн сэдэл төрүүлж байгаадаа би бас баяртай байгаа" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Д.Ана