Монголын хүүхэд багачуудын хүмүүжил, хөгжил төлөвшил, танин мэдэхүйд телевизийн нэвтрүүлгийн нөлөөлөх үүрэг их. Тэр дундаа МҮОНТ-ын хүүхдийн нэвтрүүлгээс олон ч хүүхэд багачууд үлгэр дуурайл авч хүмүүжиж хүн болдог билээ. Тэгвэл энэ их үйлсэд 20-н жил зүтгэж яваа МҮОНТ-ын найруулагч Ө.Алтансэрээг энэ удаагийн ярилцлагын буландаа урьж сүүлийн үед хийж буй уран бүтээлийх нь талаар ярилцлаа
– Таньд энэ өдрийн мэнд хүргье. Найруулагч мэргэжлээр хичнээн жил ажиллаж байна вэ Энэ хугацаанд ямар ямар уран бүтээл дээр ажиллав?
– Юуны өмнө танай сайтаар зочилж уран бүтээлийнхээ талаар товч ч гэсэн танилцуулах болсондоо баяртай байна. Миний хувьд найруулагчийн мэргэжилтэй. МҮОНТ –д 20 орчим жил найруулагчаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа голдуу хүүхдийн нэвтрүүлэг болон зохиомжтой тавилттай нэвтрүүлгүүдийг найруулан тухайн үеийн хүүхэд багачууддаа хүргэдэг байлаа. “Монхрынхон”,” Хаягдсан цүнхний өчил”, “Цоожгүй чингэлэг”, “Багачуудын театр”, “Цасны өнгө” гээд олон телевизийн зохиомжийг дурдаж болох юм. Ихэвчлэн өсвөр насны хүүхдүүдтэй ажилладаг байсан.
– Тус киноны зохиолыг та өөрөө бичсэн. Зохиол бичих санаа анх хэрхэн төрсөн бэ Зохиолоороо дамжуулан үзэгчдэд хүргэх гол санаа нь юу байв?
– Өнөө үед өсвөр насны хүүхдүүдэд зориулсан уран бүтээл ховор байгааг анзаарч уран бүтээлч хүнийхээ хувьд нийгэмд санаа зовоож байгаа болоод энэ насны хүүхдүүдийн томчуудад тэр бүр нээж чаддаггүй дотоод ертөнцийг хөндөн харуулах гэсэн чин сэтгэлдээ хөтлөгдөн “Тоглож болохгүй нас” киног бичиж найруулах болсон юм. Орчин үеийн гэр бүл, өсвөр насны хүүхдүүд, сургууль багш нарын харилцаа болоод энэ насны хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл гээд олон асуудлыг хөндөж гаргасан зохиол болсон гэж миний хувьд бодож байна.
– Жүжигчдийн хувьд хэрхэн сонгон шалгаруулав?
– Жүжигчдийг зургаан сараас эхлэн зарлалын дагуу сонгон шалгаруулалт хийж 200 гаруй хүүхдээс 40 хүүхэд сонгон авч хоёр сарын сургалт зохион байгуулсан. Мэргэжлийн багш нараар жүжиглэх ур чадвар, жүжигчний хэл ярианы ур чадвар гэх мэтчилэн хичээлүүдийг зааж хүүхдүүдээ зүгшрүүлэн киноныхоо дүрүүдэд сонгон ажилласан юм. Хүүхдүүд маань киноныхоо дүрд хэрхэн тоглосныг үзэгч та бүхэн киноноос харах биз ээ. Мөн олны танил болсон тайз дэлгэцийн уран бүтээлчид, жүжигчид хамтран ажилласан байгаа.
– Киноны зураг авалт хэдий хугацаанд авч дуусагасан бэ Хүндрэлтэй талууд юу байв?
– Кино зохиол бичих зураг авалт, эвлүүлэг, дууны клип гээд энэ их ажил маань үндсэндээ хагас жил орчим болсон доо. Байлгүй яахав. Амархан зүйл гэж байхгүй шүү дээ. Хүүхдүүдтэй ажиллахаас эхлээд уран бүтээл болгох гэхлээр ивээн тэтгэх газар олдохгүй гээд зовлон тоочоод байвал их л дээ. Тэглээ гээд яахав галт тэрэг аль хэдийн хөдөлсөн байсан болохоор бүх зүйлээ л зохицуулсан даа. Энэ дашрамд бидний киног ерөнхийд нь ивээн тэтгэсэн Голден Хүүп компани болон Голден жим фитнес клубынхээ удирдлага, хамт олонд талархснаа танай сайтаар дамжуулан илэрхийлж байна.
– Киноны дууг "Good boys" хамтлаг дуулж амьдруулсан. Дууны үгийг та өөрөө бичсэн байсан. Бичнэ, найруулна, зохионо гээд их олон төрлийн авъяастай хүн юм аа?
– Багаасаа л бага сага зүйл эвлүүлэн бичдэг байсан маань их нөлөөлсөн болов уу л гэж бодож байгаа шдээ. Дууны үг зохиоё гэж боддог байсан маань энэ кинон дээр биеллээ олчихвуу даа /Инээв/ Кино маань “Хэлж зүрхлэхгүй”, “Сургуултийн зүг” гэсэн нэртэй хоёр дуутай. Аялгуу нь их сайхан болсон. “Good boys” хамтлагийнхан болоод МХО – ны дуулаачийн дугуйлангийн сурагч Мишээл нар дуулсан. Кинонд тоглосон хүүхдүүдэд маань их таалагдсан.
– Таны цаашдын зорилго. Өөр ямар ямар бүтээлүүд дээр ажиллахаар төлөвлөсөн байна вэ?
– Цаашдаа телевизийн цуврал кино хийх гэсэн зорилготой байна. Даанч эдийн засгийн хараат байдлаас болоод зогсонги байдалтай байна. Ер нь тэгээд хийе гэсэн зохиол санаа их байна л даа. Ялангуяа хүүхдүүдэд зориулсан бүтээл хийхийг их хүсч байна даа.
– Кино энэ долоо хоногт нээлтээ хийнэ. Нээлтийн үйл ажиллагааны талаар танилцуулаач ?
– 11 сарын 27 нд бүх кино театруудаар “Тоглож болохгүй нас ” нэртэй шинэ уран бүтээл маань нээлтээ хийх гэж байна. Нээлтэн дээр киноны маань дуунууд дуулагдахаас гадна үзэгчдийнхээ дунд онлайнаар зохион явуулсан тэмцээнийхээ ялагчдыг тодруулах юм. Бас тэгээд сонин содон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа даа. Танай сайтаар дамжуулан үзэгчиддээ манай киног ирж үзээрэй гэж урьж байна.
– Ярилцсанд баярлалаа
– Танай сайтаар дамжуулан үзэгчиддээ манай киног ирж үзээрэй гэж урьж байна. Баярлалаа
www.Urlag.mn