Сайн муу сэтгэлээр өдөөгдөн хийж, ярьж хэлж, санаж бодож буй бие, хэл, сэтгэлийн үйл болон түүнтэй холбогдон гарах үр дагаврыг “Үйлийн үр” гэнэ. Өөрөөр хэлбэл ажил, амьдрал, өөрийн тань үйл ажиллагаанаас шууд шалтгаална гэсэн үг.
Үйлийн үрийг нүглийн үйл, үр ба буяны үйл, үр гэж ялгаж үзнэ. Амьдралд тохиолдох ямарваа саад бэрхшээл нь тухай хүний хэзээ нэгэн цагт үйлдсэн нүгэлт үйлийн ул мөртэй холбоотой байхад, аливаа эерэг сайн сайхан бүхэн буяны үйл ажиллагааны үр дүн байдаг билээ. Үйлийн үр бол бидний сэтгэл хийгээд гадаад орчин хоёрын холбоосоор бүтсэн амьдралын хэв маяг юм.
Гариг дэлхий болон түүнд агуулагдах юмс үйлээс хамаардаг гэдэг утгаараа биес үйлийн, сэтгэл бол үйлийн үр, бүх юмс үйлийн үр дүнд бий болно. Үйлийн үрийн хууль бол энгийн юм: сэтгэлээр өдөөгдсөн бие, хэл, сэтгэлийн бүх үйлүүд тухайн санаагаар үйлдсэн үйлийн шууд үр дагавартай төстэй явдал ирээдүйд тохиолдоход холбож өгөх хүч бүхий чадамжийг сэтгэлд үлдээдэг.
Бусдыг баярлуулах санаагаар хариу нэхэлгүй үйлдсэн үйл ямагт ирээдүйн амьдралын сайхан явдалтай холбож өгөх чадамжийг бүтээдэг байхад бусдыг хорлох үйл ямагт ирээдүйд таагүй амьдралын явцтай холбож өгөх чадамжийг бий болгодог.
Сэтгэл дэх үйлийн чадамж үр дагавар нь боловсрох хүртэл хэдэн төрөл дамжсан ч өөрийн чадамжийг хэзээд алддаггүй, алга болдоггүй. Өчүүхэн төдий жижиг үйл томоохон үр дагаварт хүргэх хүчтэй байдаг. Учир нь тэд цаг хугацааны туршид арвижих хандлагатай байдаг. Багадаа зуу, мянга, их нь тоолж баршгүйгээр арвиждаг тул хийж буй үйлдэл, хэлж буй үг яриа, бодож буй санаа сэтгэлээ ажиглан хянамгайлах нь чухал.
Бид хийсэн үйлийнхээ үрийг өөрсдөө л амсана. Бидний амсаж буй зовлон бэрхшээл ямар ч учир шалтгаан, уг үндэсгүй зүйлээс үүсэхгүй. Жишээлбэл, хэн нэгнийг баярлуулах бодлоор шоколад өгвөл үүний зорилго нь ямар нэг хариу хүлээгээгүй бол бидний сэтгэлд эерэг үйлийн чадамж бий болдог. Хойд төрлүүддээ шоколаднаас хэзээ ч хоцрохгүй. Хэрвээ анхны санаа өөрчлөгдөж, шуналаас болж шоколадаа өөрөө идэхээр шийдвэл сэтгэлд муу үйлийн чадамж бий болдог.
Түүний үр дагаварт хойд төрөлдөө бирд болж төрөх болзошгүй ба түүний дараа төрөлд хүн болж төрөхөд хэн ч шоколад өгөхгүй. Дээрх 2 үйлдлийн хамгийн гол ялгаа нь тэдгээрийн цаад санаа юм. Эхний санаа нь бусдыг хайрлах буяны бодол байсан бол хоёр дахь нь өөрийгөө эрхэмлэх шунал байсан. Иймд бидний сэтгэл хаашаа ч хөтөлж мэднэ. Үйлийн үрийн тухай илүү гүнзгий ойлгоход нүгэл буяныг мэдэх нь чухал болно.
Эх сурвалж:www.budda.mn