Цонхон цаагуур цасан будрана. Хаа тэртээ үлдсэн он жилүүдийн нэгэнд чихний хажуугаар нисээд өнгөрсөн “молекулуудын эмх замбараагүй хөдөлгөөн…” гэсэн өгүүлбэр сонсогдоод өнгөрөв. Самбар дээгүүр багшийн шохой тогшин гүйх шиг. Тэгснээ самбартай, юутай хээтэйгээ будраад арилах ч шиг. Сэхээрэн харвал хэн ч юу ч яриагүй бөгөөд тээр жил багшийн амнаас гараад бидний чих рүү ч ороогүй, эргэж ч хариагүй тэр өгүүлбэр жаахан санаа зовсон шинжтэй хулган сууж байна. Эв дүйгүй хадаж, эв дүйгүй будсан ширээн дээр нэгэн шүлэг суугаад өөрөө өөрийгээ бичиж харагдана. Өөрөө өөрийгээ үлээх гээд ядчихсан нялх салхины хажууд тэрний ажил хавьгүй бүтэмжтэй.
Цармын цасанд суусан
Царцуу туулай зурсан
Цаадах нь айгаад хярсан
Цаас нь цайгаад үлдсэн…
Цасны наагуур цонх бударна. Хариулж амжаагүй бүхнийхээ хариултыг бид мэддэг байсан. Андуурч байхдаа ч таньж байсан. Төөрч байхдаа ч зүгээ алдаагүй байсан. Андуурал гэдэг бол сонголт болохоос алдаа биш. Төөрөгдөл бол чиг баримжаа болохоос гажуудал бус.Төөрөгдөл бүхнээ хайрланам. Тэр л намайг дагуулж яваагүй бол шидэт ойн гүнд одож, нисдэг бугыг харахгүй байсан. Андуурал болгоноо дээдэлнэм. Тэр байгаагүй бол би хэзээ ч Хималайн орой дээр дуртай цагтаа нисч очоод ирэхгүй, бурхантай нэг дор амьдрахгүй байсан.
Цантай цонхон дээр цасан ширхэг будран бууна. Хамгийн түрүүнд буусан нь хамгийн түрүүнд хайлна. Цонхон завсар өвөлжсөн ноднингийн ялаа үүнийг хэлнэ. Түрүүлсэн болгоны аз нь шовойдоггүй. Олныг дагуулж явах бахтай байж болох чолныг тууж явах нь заримдаа өлзийтэй.
Хамгийн сүүлийн цас хамгийн сүүлд хайлна…
Хацар үнсэж буусан ч байг, хар шороон дээр суусан ч байг
Хаяавчлан шагайх нарны халирсан ягаан туяаг
Хажууханд шивэгнэн ургах хаврын эхний яргуйг
Хамгийн удаан харсан нь, хамгийн сүүлд харсан нь
Хамгаас азтай цас мөн, хавьгүй хувьтай цас ч мөн.
Нийтлэлч: Б.Цэнддоо