Тэр бүсгүйтэй би хэзээ, хэрхэн, яаж танилцсанаа огт санадаггүй юм. Бид их л эртнээс биесээ мэддэг болсон юм шиг санагддаг. Тийм ч болоод тэр үү, бид их хурдан дотноссон юм даг. Бид хамтдаа амьдарч, өглөө бүр мөрөн дээр минь зөөлөн үнсэн сэрээж, үдэш бүр цээжинд минь наалдан унтдаг болсноор бүхэл бүтэн өвлийг үдлээ. Харин хавар ирэхэд, би нутаг буцах болсон юм. Түүнтэй хамт амьдрахаасаа өмнө энэ шийдвэрийг гаргасан байлаа. Би шийдвэрээ өөрчлөөгүй.
“Маргааш явлаа” гэхэд минь тэр миний нүд рүү “Ингээд л явах гэж байгаа юм уу” гэсэн шиг удаан ширтэж билээ. Цоо ширтэх харцнаас нь дальдчин доош харахад минь “Сайн яваарай. Явсан нь зөв байх аа” гэх нь тэр. Түүнийг тэгж хэлнэ чинээ бодоогүй суусан би бүсгүйн нүүр рүү огцом хартал тэр надаас харцаа салгаагүй хэвээр өөрийгөө хүчлэн инээмсэглэж суув. Тэгснээ жижигхэн онигор бор нүдэнд нь юу юугүй нулимс цийлэгнээд ирэх нь тэр ээ. Гэвч тэр инээмсэглэсээр л суулаа. Би тэссэнгүй. “Хүүе, уйлах гээд байгаа юм биш биз дээ” хэмээн шоглох мэт асуувал тэр “Үгүй ээ, би уйлахгүй” гээд харцаа буруулав. Би түүний цэвэрхэн бор хацар руу баруун гараа ойртуулан “Юуны магад, ингээд алгаа тосчихъё” гэвэл тэр ахиад л над руу ямар нэгэн юм асуух мэт ширтлээ. “Миний алган дээр ганц дусал нулимс хайрлаач” хэмээн өөрийгөө дэмий хүчлэн хэлтэл тэр алганд минь зүүн хацраа нааж, тэгснээ хэлбэрлэг, бүлээхэн ягаан уруулаараа алган дээр минь үнсэв. Гэтэл сувдан дусал түүний аньсаганаас юу юугүй халин, өвдгөн дээр минь унах нь тэр ээ. Тэрхүү нандин ганц дусал өвдгийг минь бүлээцүүлээд, агшинаа хамаг биеэр минь тархчих шиг болж, сэтгэлийг минь сүрхий их гунигт автуулчихав. Түүний нүднээс дахин нулимс дуссангүй.
***
Өглөөний 08:00 цаг. Тэр бид хоёр вокзал дээр суудлын галт тэргээ хүлээсэн олны дунд салж ядан хэсэг зогслоо. Бүсгүй газар ширтээд л байлаа. Би гэдэг арчаагүй амьтан юу ч хэлж чаддаггүй. Суудлын галт тэрэг хачин муухай чарлах дуунаар би цочсон мэт урагш ухасхийн, түүнийг тэвэрч аваад, бүлээн уруулыг нь шуналтайяа озлон үнсэж эхлэв. Түүний уруулаас уруулаа салгаж ядан байсан өөрийгөө хүчлэн болиуллаа. Түүнийхээ нарийхан ширхэгтэй, зөөлөн хар үсээр оролдон хэсэг зогсов. Дараагийн хэдэн агшинд түүнтэйгээ духаа нийлүүлж зогсоод, худлаа л өөрсдийгөө хүчлэн хуурамчаар инээмсэглэцгээв. Ийм байдалд би их дургүй. Төсөөлж байснаас минь хэтэрхий удаан үргэлжилсэн энэ байдлаас гарахын тулд хурдхан л галт тэрэг рүүгээ гүйлээ. Түүн рүү огт эргэж харахгүй ээ гэж бодсон ч чадсангүй. Галт тэрэгнийхээ хаалган дээр ирээд түүн рүү эргээд харчихлаа. Тэр миний араас удаан бас тайван алхаж явна. Тэгснээ над руу биш галт тэрэг рүү хараад зогсчихлоо. Нүдээрээ галт тэрэгний цонх руу дохиж байна.
Би олны дундуур зүтгэлсээр өөрийн хуваарьтай суудал дээрээ ирэв. Суудалдаа сууж ч амжаагүй байхдаа цонхоор харлаа. Цонхны цаана тэр хуурамч инээмсэглэлээр гунигт царайгаа чимээд, зогсож байв. Галт тэрэг хөдлөх дохиогоо өгөх агшинд тэр уруулаа жимэлзүүлэн, үнсэх мэт хөдөлгөөн хийлээ. Намайг өөрөө ч мэдэлгүй уруулаа цорвойлготол тэр огцом эргэж хараад, цаашаа чигээрээ алхчихав. Галт тэрэг хөдөллөө. Тэр эргэж харсангүй. Бодвол уйлж байгаа бололтой.
Би гар утасаа яаран гаргаж ирээд, яарч сандран хэдэн товчлуур дарлаа. “Битгий уйлаарай, бид удахгүй уулзана”. Мессеж сэнд. Түүнээс хариу ирсэнгүй.
***
Нутагтаа ирснээс хойш сэтгэл нэг л тогтворгүй. Цаг мөч бүрийд түүний тухай бодно. Гэтэл түүнээс бас л сураггүй. Бүхэл бүтэн гурван сарын турш нэг гэрт амьдрахдаа би түүний уруулыг озлон үнсэхээс хэтэрдэггүй байлаа. Түүнд дурлана гэж, бас түүнийг санана гэж ч боддоггүй байв. Гэтэл…
Хаврын дараа зун. Зуны дараа намар эхлэв ээ. Зөөлөн саарал бороо гунигтай шивэрч, гээгдмэл шаргал навчис хөл дор хөглөрсөн тэр нэгэн өдөр гар утсаараа санаандгүй оролдож суугаад аль зургаан сарын өмнөөс өдөр бүр бичдэг байсан ч илгээж чадалгүй хадгалаад л орхичихдог байсан мессежээ түүн рүү илгээчих нь тэр ээ. Энэ бүхэн хэдийгээр санамсаргүй үйлдэл байсан ч мессеж сэнд гэсэн бичгийг уншаад сэтгэл бүүр онгойгоод явчих шиг санагдавБүүр зоригтой ч болчихсон юм шиг… . “Битгий уйлаарай, би чамд хайртай”. Энэ л мессежийг галт тэргэнд суусан даруйдаа бичсэн ч төгсгөлийг нь өөрчлөөд илгээчихэж билээ.
Санамсаргүй үйлдэл минь надад сүрхий их хүч чадал өгчээ. Түүн рүү залгалаа. Дуудаж байна. Гэвч тэр утсаа авахгүй их удах шиг санагдав.
-Байна уу?
-Байна аа.
-Сайн уу?
-Би ч гэсэн…
-Айн?
-Би ч гэсэн чамд хайртай…
Түүний хоолойны зангирсан өнгөнөөс хацрыг нь даган бүлээн дуслууд урсаж байгааг би мэдрэв. “Битгий уйлаарай” гэж хэлээд байхад…” гэвэл тэр:
-Би… би… уйлаагүй гэчихээд бүр цурхиран уйлж эхлэв ээ.