Монгол нум сумны хүч чадал, алсын цэцтэй тусгалын нууцыг эрдэмтэн судалсаар ирсэн байна. Ялангуяа, Монголоос нээн илрүүлсэн дундад зууны агуйн оршуулгад дагалдуулсан нум сум, эдлэл хэрэгслэлүүд гайхамшигтай сайн хадгалагдаж үлдсэн байдаг нь түүний технологийн нууцыг тайлахад онцгой ач холбогдолтой юм. Монгол нум олон мянган жилийн турш хөгжиж, хүнд бэрх шалгуурыг даван туулсаар өнөөг хүрчээ. Түүхэн хөгжлийн явцад, монголчуудын хүчирхэг байдлыг үгүй болгохоор харь улсын бодлогууд идэвхитэй явагдаж улмаар уламжлалт монгол нуманд ч тодорхой нөлөө үзүүлсэн юм.
XIII зууны монгол бичгийн эртний сурвалж болох Чингисийн чулуу хэмээн алдаршсан гэрэлт хөшөөнд Хавт Хасарын хүү Есүнгэ мэргэн 335 алд газар харван онолоо гэсэн мэдээ буйгаас үзвэл алдартай мэргэн харваачид олон байжээ. Нум сумыг хөгжингүй болгохын тулд модон үүсгүүрт, загасны цавуу бүхий ясан наалтыг шөрмөсөөр ороон бэхжүүлж, ус чийгнээс хамгаалах үйсэн хоромсого, саадагт агуулах болсон байна.
Монголчууд их байлдан дагууллын үедээ сумны үзүүрт гал асааж түймэр тавих, хор түрхэж хордуулах, дуут сумаар үймээн сандраах зэрэг олон байдлаар зохицуулан хэрэглэж байжээ. Энэхүү “Монголчуудын өв соёл – Монгол нум 3000 жил ”үзэсгэлэнд Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн XIX зуун хүртэл үеийн олон гайхамшигтай олдворууд буйгаас гадна Монгол улсын Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Монгол Улсын Гоц мэргэн Ж.Баттөмөр, Хүндэт мэргэн, нум урлаач Т.Батмөнх, С.Болдбаатар /нум сум урлаач, “Хөвчит нум” ХХК-ийн захирал/ нарын нум сум, хэрэглэл, Л.Мөнхийн /нум сум урлаач, судлаач/ хувийн цуглуулга болоншинээр туршиж сэргээн үйлдсэн 300 гаруй үзмэрүүдийг анх удаа дэлгэн үзүүлж байна.