Сар дэлхийд ойртох үед амьтны үржихүйн үйл явц идэвхжиж төрөлт нэмэгдэнэ. Дэлхийн бүх амьтад соронзон орны халхавчинд түшиглэн үрждэг жамтай. Сарыг их долоон гарагт оруулан тооцно. Түүнийг Самгарди хэлээр Сумъяа, Төвдөөр Даваа гэж нэрлэдэг. Хүйтэн чийглэг чанартай билиг гараг юм. Тэр нь нийгмийн үйл явц, түүний өнгө аяс, усан замын тээвэрт онцгой нөлөөлөл үзүүлнэ. Тэрээр усан махбодтой, эмэгтэй хүний сүлдийг эрхшээж, хувцасны хишиг даллана. Энэ гарагт эм найруулах, даллага авахуулах, хувцас авах, шүтээн босгох, бэрийн үйлд сайн, харин номонд суралцах, замд гарах, хувцасаа хүнд өгөх, шинэ хувцас өмсөх, лус бүү тахь хэмээн номлосон нь бий.
Сарны үйлчлэл хүний амьдрал ахуй, өсөлт хөгжилт, үйл явдалд онцгой нөлөөлнө. Түүнийг өөртөө хамгийн их мэдэрдэг нь эмэгтэйчүүд юм. Эмэгтэйчүүдэд тодорхой насны үеэс эхлэн сарын хир үзэгдэж, биеийн энергид олон талын өөрчлөлт оруулна. Энэ өөрчлөлтийг өөрийнхөө хүсэл мөрөөдөл, чадамжаа зөв ашиглахад чиглүүлэх явдал нь эрүүл оршинхуйн нэгэн чухал үзүүлэлт болно. Эрчүүдэд ч гэсэн сарны нөлөөлөл үзэгдэх бөгөөд тэр нь сэтгэлийн хөдөлгөөний хэлбэрээр илэрнэ. Энэ өөрчлөлт 3-5 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд биеийн физилоги шинжид хувьсал гарч, улмаар аура өөрчлөгдөж физик биеийг эмзэгшүүлнэ. Сарын хир үзэгдэг үеэр хайхрамжгүй хандах, хүнд хүчир ажил хийх, хурц исгэлэн хоол идэх, сэтгэл санааны дарамт хямралд орох, хэрүүл шуугиан дэгдээх, бузар бохир газар явахыг хориглоно.
Зарим улс оронд энэ үеэр ажлаас нь чөлөөлж, түр амраадаг тохиолдол ч бий. Хүний дотоод хүрд гадаад аура онцгой нөлөөлөх билгийн тооллын бага, их, улаан тэргэл өдөр /билгийн тооллын 14, 15, 16-ны өдөр/, хүний сүнс бэлэг эрхтэнд байрших /билгийн тооллын 28-ны өдөр/, сар ширгэх 30-ны өдөр хурьцал үйлдэх, сэтгэл хөөрөх, янагшин азаартахыг нэн цээрлэх тухай эртний судар номд өгүүлсэн бий. Гахай цагт үдшийн үйлийг цээрлэх, үүр цайх үеийг бэлэгшээдэг нь чухамдаа сарнаас хүнд нөлөөлөх эрчим хүчний хэмнэлээс сэргийлж байсны нотолгоо юм. Тухайлбал сар хавиргалж, тэргэлжих, оройтож мандах үеэр толгой нүцгэн явдаггүй үс унана. Хэмээн цээрлэх, айлд зочилж тогоо шанага дуугаргах, дуу хуур өдөөхийг лус хөдөлгөнө гэж цэрвэдэг байх жишээтэй. Мөн ил задгай газар болон гэрийн тооно, байрны цонхоор сарны гэрэл тусах чиглэлд унтаж амрах, янагшиж хурьцах, удаан хугацаагаар сатааран суух, гиншиж дуулах, уйлж гомдохыг нэн цээрлэнэ. Сар 2-ын тоог бэлэгдэнэ. Нарны эм шинжийг хадгална гэж үздэг. Түүний шинж төрх нь биеийн хавтгайд биш оюуны сэтгэцийн чанарт агуулагдах тул энэ тоонд онцгой хянамгай хандах учиртай.
Долоон Бурхан Од. Сарнаас дутахгүй бишрэн залбирдаг эрхэс бол долоон бурхан хэмээх шанага дүрс үзүүлэн сунаж байрласан одод юм. Долоон бурхан оддын хөдөлгөөн, байршил, үзэгдэх шинж байдлыг хүний хийморь сүлд ажил үйлсийн амжилт ололттой холбон тайлбарлаж, сүсэглэж ирсэн уламжлал өнөөг хүртэл Монголчуудын амьдралд оршсоор байна. Долоон бурхан одны эхний одыг Тэнгэрийн ойлго гэх бөгөөд хулгана жилтнийг эрхшээж, билгийн тооллын сар бүрийн 15-нд эрчимт нөлөөллөө идэвхжүүлнэ хэмээн сүсэглэнэ. Хоёрдугаар одыг Тэнгэрийн эрх гэх агаад үхэр, гахай жилтнийг эрхшээж, билгийн тооллын шинийн 2-нд эрчимжиж нөлөөлнө. Гурав дахь одыг Тэнгэрийн бариа гэх бөгөөд барс, нохой жилтнийг эрхшээж, билгийн тооллын 7-нд идэвхжинэ. Дөрөвдүгээр одыг Тэнгэрийн хас гэх бөгөөд туулай, тахиа жилтнийг эрхшээж, билгийн тооллын шинийн 4-нд нөлөөлөл нь идэвхжинэ. Тавдугаар одыг Тэнгэрийн шил гэх бөгөөд луу, мичин жилтнийг ивээж, билгийн тооллын шинийн 2-нд идэвхжинэ. Зургаадугаар одыг Нэмэх арга гэх бөгөөд могой, хонь жилтнийг эрхшээж, билгийн тооллын 15, 23-нд нөлөөллөө үзүүлнэ. Долдугаар одыг Жиргэх арга хэмээн нэрлэж, морь жилтнийг эрхшээн билгийн тооллын шинийн 5-нд идэвхжинэ. Ялангуяа долоон бурханы гуравдугаар од Тэнгэрийн жил /Ривади/-г үр тариа, эд хөрөнгө цуглуулж, буян хишиг хураана гэж онцгойлон бишрэн шүтнэ. Долоон бурхан одны эрхшээх хугацааг билгийн тооллоор баримжаалах бөгөөд эрчимжих үеэр нь жилийн тохиол таарах өдөр шөнө мандах цагаар сүүгээр цацал өргөж ажил үйлсээ бадраах, цог хийморио сэргээх, хүслээ шивнэн хэлж, гүн бясалган залбирч, алдаа эндэгдлээ наминчлан гэмшиж андгай тангараг өргөнө. Энэ үйлдлийг үнэн сэтгэлээсээ хийхэд таны хүсэл биелж, амьдрал тэгширч, аз хийморь мандаж, сав шим ертөнцөөс ирэх эрчим хүч таны бие, хэл, сэтгэлийг цэнэглэнэ. Ийнхүү тэнгэрийнхээ эрхэстэй ярилцаж, сэтгэлээ амраадаг, ажил үйлсээ бүтээдэг сэтгэлгээ Монгол туургатан ард түмний үндэсний заншил болон хэлбэршин тогтсон байна. Жишээ нь бага балчир хүүхэд тургиж тоглох, хувцсаа өмсөж дуулах зэргээс нь тэнгэр хүйтрэх нь муухайрах нь гэж үздэг нь монгол хүн хүүхэд ахуй үеэсээ тэнгэрийнхээ ааш занг мэдэрч байдгийн баталгаа юм.
Эх сурвалж: Budda.mn