Хэдэн долоо хоногийн өмнө “Ирээдүй рүү буцсан нь-2” киноны гол дүрүүд зочилдог тэр л ойрын ирээдүйтэй хүн төрөлхтөн учран золголоо. Кино бүтээгчдийн төсөөллүүдийн ихэнх нь биелсэнгүй. Гэхдээ л маш их зүйл өөрчлөгджээ. Олон нийтийн сүлжээ хэмээгч бодит амьдралаас ч дутуугүй чухалд тооцогдож, гудмаар утсаа шагайсан хүн зон дүүрч, бодит бус апп хөгжүүлэгчид тэрбум тэрбумыг халааслаж байна. Тэгвэл даяаршил, технологид суурилсан энэхүү их өөрчлөлт хувирал урлагийн ертөнцөд хэрхэн нөлөөлж байна вэ?
АНУ-ын уран бүтээлч Гавин Браун эл асуултад “Энэ зуурт туурвихын шалтгаан өөрчлөгдөөгүй. Гэхдээ юуны төлөө туурвидаг вэ гэсэн асуултын хариуг хэн ч мэдэхгүй. Харин урлагийг тойрон хүрээлж буй орчин нь маш их өөрчлөгджээ” хэмээн хариуллаа. Харин түүний найз Пуэрто Рикогоос ирсэн Луйс Гаминтрез урлагийн зах зээлд эргэлдэх мөнгөний хэмжээ сүүлийн хагас зуун жилийн дотор хэд дахин өссөнийг онцлов. Үүний үр дүнд урлагийн сургууль, галерей, уран бүтээлч ба уран бүтээл, үзэгчдийн тоо ч огцом нэмэгджээ.
Нэг ёсондоо бид хүн төрөлхтний түүхэн дэх урлаг хамгийн хүртээмжтэй цаг үед амьдарч байна. Авга ах маань залуу насандаа хэрхэн пянз солилцон сонсдог байсан, пянз хэчнээн ховор, ховрынхоо хэрээр үнэ цэнтэй байсан тухай одооны та нар ч яахин мэдэх билээ гэсэн өнгө аястай ярьдагсан. Үнэндээ бол саяхан, 2000-аад оны эхэн үед л нэг дуу интернетээс татах гэж цаг шахам болдог байсныг дүү нар маань ч төсөөлөхөд амаргүй л дээ. Харин өнөөдөр ухаалаг утаснууд хэдэн мянган дуу, дуу хөгжмийн цахим хуудаснууд сая саяар тоологдох дуу багтааж байна. Энэ жишээ зөвхөн дуу хөгжим бус урлагийн бусад төрөлд ч үйлчилнэ.
Технологийн хөгжил уран бүтээлч байх замыг ч багагүй тэгшитгэж өгсөн. Анрьи Карте-Брессоны үед гэрэл зураг буулгах, Куросавагийн үед кино бүтээх процесс нь эдүгээгийнхээс хавьгүй их мөнгө шаардсан амаргүй үйл явц байлаа. Мөн концепт-арт, поп арт зэрэг урлагийн чиг хандлагууд уран бүтээлчидэд ажиллах цоо шинэ талбар, цоо шинэ материалуудыг бий болгож байна. Энэ хоёр нийлээд өмнө нь тусгай хүмүүст л зориулагдсан мэт төсөөлөгддөг байсан урлагийг энгийн хүмүүс ч туурвин бүтээх боломжийг ч олгож байна.
Энэ үйл явцын тухай зураач М.Батзориг “Орчин үеийн хандлага үзэгчид, хэрэглэгчид, үйлчлүүлэгчидэд маш их эрх мэдэл олгож байна. Зарим үзэгчид уран бүтээлчээс ч илүү мэдлэг, мэдээлэлтэй болжээ. Харин үзэгчид асар их мэдээлэл авах бололцоо нээгдсэнээр урлаг бол хаа сайгүй, үнэгүй шахам хөглөрч байдаг зүйл гэсэн гаж гэмээр сэтгэлгээг төлөвшиж байна. Урлагт зурагтын суваг сольж, фэйсбүүкийн постууд гүйлгэн хардаг шигээ л ханддаг бүхэл бүтэн үе бий болж байна. Хүмүүс улам л гунихардаг, догдолдог, тэмүүлдэг бодлогширдогоо больж байгаа нь мэдрэгддэг” хэмээн харуусав.
Домогт найруулагч Вүди Аллен нэгэнтэй “Одооны залуус юу үзээд байгааг ойлгохүй юм. Бидний үед Бергман, Брессон, Куросава гэсэн нэрсийг мэддэггүй хүн байдаггүй байлаа” хэмээн орчин үеийн үзэгчид арилжааны урлагийн талаар шүүмжилсэн байдаг. Технологи ба даяаршлын үрээр уран зохиолын бүтээлүүд хэдэн арван хэл рүү хөрвүүлэгдэж, сая саяар борлуулагдах эсвэл өчигдөр АНУ-д нээлтээ хийсэн кино өнөөдрөөс Монголын зах зээлээс мөнгө хийх боломж бий болсноор арилжааны урлагийн цар хүрээ өмнө байгаагүй ихээр нэмэгдсэн нь үнэн. Өөр бусад олон хүн ч урлагийн хэт хүртээмжтэй байдал нь үзэгчдийг төөрөлдүүлж, жинхэнэ сайн бүтээлээс алсруулдаг гэж үзэх нь бий. Гэхдээ би ийм бодолтой төдий л санал нийлдэггүй. Хэзээнээсээ л жинхэнэ фэн, нухацтай үзэгчид нийгмийн цөөнх байсаар ирсэн. Харин ч урлагийн хүртээмж нэмэгдэхийн хэрээр ийм үзэгчдийн тоо нэмэгдэнэ гэдэгт би итгэдэг.
Манай нөхцөл байдалд арилжааны шинжтэй буюу хүмүүнд зугаа цэнгэл өгөх зорилготой урлаг ба мэргэжлийн урлагийг төдий л ялгаж салгаж авч үздэггүй, нэгийг нь нөгөөтэй нь хольж эсвэл харьцуулах нь их байдгаас урлагийн хүртээмж, үзэгчдийг төөрөлдүүлдэг гэх хандлага үүссэн байж болох. Энэ нь урлаг хүн бүрт зориулагдаж байх ёстой гэсэн соц-реалист хандлага ба арилжааны хийгээд мэргэжлийн урлаг хамтдаа өөр өөрийн орон зайд хөгждөг капиталист тогтолцооны зөрчилтэй холбоотой байж ч мэднэ.
Гэхдээ бүх зүйл зөв замдаа орсон гэж ч үзэх аргагүй. Калифорнийн зураач Жон Балдеззари арилжааны шинжтэй урлаг гэлтгүй мэргэжлийн урлагт ч мөнгө хүчтэй нөлөөлж байгааг онцоллоо. Тэр “Галерей, музейнүүд ч эдийн засгийн үр ашигтай буюу илүү мөнгө хийх үзэсгэлэн, шоу тавихыг хүсдэг. Уран бүтээлчид чухам юу илүү их зарагдаж, олон нийтийн хүртээл болж буйг үзэхийн тулд галерей музейд зочилж байна. Урлагийн чанарыг эцсийн дүндээ дуудлага худалдаанууд л тодорхойлох болжээ” гэлээ.
Тэгвэл энэхүү үйл явц Монголын урлагт хэрхэн нөлөөлж байгаа бол? М.Батзориг Монголын орчин үеийн урлагт даяаршил шиг хүчтэй нөлөө үзүүлэгч хүчин зүйл байхгүй гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ тэр эл хандлагыг буруутгадаггүй. Энэ бужигнааны эцэст Монголын урлаг өөрийн онцлогийг шингээсэн хэлбэрээ олно гэж тэр үздэг. “Япон, Исланд гэх мэт хүчтэй үндэстнүүд шиг гоёмсог хэлбэршлийг олж чадах эсэх биднээс л шалтгаална” хэмээн тэрбээр нэмэв. Тэр даяаршил урлагт сөргөөс хавьгүй олон эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэдэг. М.Батзоригийн хувьд голлон социалист нийгэмд өнгөрөөсөн хүүхэд насны дурсамжаа орчин үеийн урлагийн хэлээр илэрхийлдэг. Зарим хүмүүс түүний бүтээлүүдийг орчин үеийн Хятадын дүрслэх урлагаас сэдэл авсан гэж үздэг. Харин миний хувьд Монголчуудын ондоошилыг зөвхөн XIII зуун, Шарын шашинаас бус харин саяхны өнгөрсөн болох социализмтай холбон тайлбарлах гэсэн оролдлогод нь талархан ханддаг.
Монголын орчин үеийн урлагийн нэгэн сонирхолтой байгууллага болох Хөх нар төвийг үүсгэн байгуулагч Ё.Далх-Очир “Бид хоёр зүйлийг зэрэг авч явах хэрэгтэй. Эхнийх нь үндэсний уламжлал, түүх соёл, ой санамжаа сэргээх. Хоёр дахь нь орчин үеийн, хүн төрөлхтний мэдлэгийн түвшинд хүрэх. Зөвхөн энэ нь хэрэгтэй гээд нэгийг нь сонгож болохгүй. Энэ хоёр нийлж байж бид урагшилна” гэлээ. Хөх нар төвийн уран бүтээлчид амьтны болон байгалийн гаралтай материал голлон ашигладаг бөгөөд уран бүтээлүүдээс нь Монгол ахуй нэвт үнэртдэг. Энэ жил тус төвийн уран бүтээлч Т.Энхболд Монгол Улсыг төлөөлөн Венецийн биеннальд оролцсон билээ.
Харин саяхан Орхан Памукын “Цас” романыг Монгол хэлнээ хөрвүүлсэн, орчуулагч Б.Баясгалан даяаршил гэх ойлголтыг баруунжих үйл явц хэмээн харддаг хүмүүсийн нэг гэдгээ нуусангүй. “Олон өнгийн будгийг холиход хамгийн хүчтэй эсвэл хамгийн их орсондоо бусад нь уусдаг шиг даяарчлагдана гэдэг хүчтэйнхээ үнэлэмж, үзэл санаанд нэгдэх, үнэт зүйлд нь үнэт зүйлээ юүлэх байдлаар төгсөх вий гэж айдаг” хэмээв.
Хэрхэн дэлхийд данстай Монгол урлагийн бүтээлч, Монгол уран бүтээлчтэй болох вэ гэсэн асуултад толгой гашилгах болоод бид удаж байна. Гэхдээ энэ нь тэгж их адгаж, яарах зүйл ч бас биш бололтой. Учир нь юуг сайн урлаг гэх вэ гэсэн тодорхой хэмжүүр үгүй ч тухайн цаг үед давамгайлж буй соёл урлагийн үнэлэмжид хүчтэй нөлөөлж байдаг. Гитлерт ад үзэгдэж асан импрессионизм, экспрессионизм эрх чөлөөний дуулал нэрийн доор II дайны дараа дэлхийн урлагийн чиг хандлагыг тодорхойлох болсон, реализм социалист нийгэмд таашаагдсаны төлөө хог дээр хаягдаж, барууны урлаг олон гайхалтай реалист уран бүтээлчдийн дэргэдүүр нүдээ тас анин өнгөрч байсан тухай Баясгалан ярив.
Энэ тохиолдолд өрнийнхөнд ойлгогдох гэж, тэдэнд зориулан өөрсдийгөө өөрчлөх, тэдэнтэй сүлэлдэж байж өөрийгөө зөвшөөрүүлэх гэж хэт их улайрах вий гэдгээс тэр болгоомжилж байна. Их Британийн колони байсан Зүүн өмнөд ази, Өмнөд Африкийн орнуудад дэлхийн хэмжээнд танигдах гэсэн хүслээс үүдээд эх хэлээрээ бичдэг зохиолчид улам бүр цөөрч байгаа нь түүний энэ болгоомжлолыг баталгаажуулдаг аж. “Энэ бол эх хэлнийхээ үргэлжлэлийг шууд тастаж байгаагаас өөрцгүй юм” хэмээн тэрбээр зовнив. Уран зохиолын талбарт даяаршил орчуулгаар дамжин илэрдэг. Тэгвэл сүүлийн үед тухайн зохиолын тухай шүүмж судлал эх зохиол дээр нь биш орчуулга дээр нь төвлөрөн явагдаж байгаа нь судлаачдын нэг шүдний өвчин болоод байгаа гэнэ. Б.Баясгалан эцэст нь “Би даяаршлыг улс үндэстэн бүр өөр өөрийн онцлогтойгоор зэрэгцэн оршиж, бие биеийнхээ соёлоос тэнцвэртэй танин мэдэж, түүгээрээ дамжин ойлголцож байгаасай гэж хүсдэг” гэлээ.
М.Батзоригийн хувьд даяаршлын их үерт урсаж алга болохоос маань хамгаалах ганц зүйл нь Монголын гэсэн хэв маяг гэнэ. “Гэхдээ энэ нь энэ гээд заачих бодитой биш хийсвэр басхүү мөнхийн хөдөлгөөнд оршдог зүйл. Тэгэхээр өөрсдийн хэв шинжээ хадгалангаа хөгжүүлэх эсвэл хөгжүүлэнгээ хадгалах нь бидний тэр дундаа уран бүтээлчдийн нэг гол үүрэг” гэв.
Энэ жилийн Венецийн биеннальд Монголын павильоны зөвлөхөөр ажилласан урлаг судлаач Ч.Болдбаатарын хувьд Монголын дүрслэх урлаг дахь нэг онцгой чанар нь концепт нь үйлдэж буй эд эсээсээ эхэлдэг явдал гэнэ. “Жишээ нь адууны хомоол байна. Хөх хомоол бол монголчуудын хувьд утаагаараа аливааг ариулах шидтэй дагшин зүйл. Тэгвэл үүнийг будаг байж болохыг ойлгоно гэдэг маш чухал. Цаашлаад зураг гэдэг үг байна. Монгол бичиг, эртний Монгол хэлээр жирух гэнэ. Нэр үг биш үйл үг. Орчин үеийн урлагийн үйл хөдлөлийн урлаг гэсэн ойлголт бий. Тэгвэл үйл хөдлөлийн урлаг домоор, шившлэгээр илэрч болно. Энэ бүхэн Монголын урлагийн хөрсөнд байна” хэмээн тэрбээр онцолсон юм.
Нийтлэлч: А.Амармэнд