"Монголын морин спорт, залуу уяачдын холбоо"-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган 10-дугаар сарын 7,8-ны өдрүүдэд буюу өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус холбоо нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор ийнхүү үүсгэн байгуулагдаж байгаа аж.
Анхдугаар чуулганы зохион байгуулагчаар "Монголын морин спорт, залуу уяачдын холбоо"-ны үүсгэн байгуулагчид ажиллаж байна. Энэ дашрамд дуулгахад анхдугаар чуулганаа зохион байгуулах гэж буй "Монголын морин спорт, залуу уяачдын холбоо" нь дараах зорилго, зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөжээ.
“Монголын морин спорт, уяачдын холбоо”-ны үйл ажиллагаа, бодлого төлөвлөгөөнд хамрагдаагүй байгаа залуу уяачдыг нэгдсэн бодлого төлөвлөгөө, үйл ажиллагаанд хамруулах.
Монголын хурдан морины нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх. Тухайн бүртгэл мэдээллийг хурдан морины угшил гарал, уралдаан тэмцээн гэсэн ангиллаар нарийн явуулж цахим сайтад байршуулж эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчуудад алдаршуулан танилцуулж байх.
Монголын морин спорт, тэр дундаа холын зайд уралддаг уламжлалт хурдан морины уралдааныг Монгол туургатан даяар дэлгэрүүлэн хөгжүүлэх, цаашлаад олимп, дэлхий, олон улсын тэмцээн уралдаан болгож хөгжүүлэх.
Морин спорт, уяачдын хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн холбоодтой нягт хамтран ажиллаж, хурдан морины уралдааны хөгжлийн бодлого, хэрэгжилтэнд хамтран ажиллах.
Холбооны нэрэмжит улс бүсийн хэмжээний хурдан морины уралдаан, уяач унаачдыг хөгжүүлэх сургалт семинар, уулзалт зөвлөгөөн, урлаг спортын тэмцээн наадам зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах.
Ийнхүү анхдугаар чуулганы бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99841725, 99004147 дугааруудаас лавлах боломжтой.