Бавари мужийн намын Залуучуудын Холбооны Иргэдийн төлөөлөгчдийн хурал — Penzberg
Дэлхийн өнцөг булан бүрт урлаг, улс төр, спорт гээд олон салбарт амжилт гарган улс орныхоо нэр хүндийг гаргаж буй монгол залуус маш олноор төрөн гарч байгаа.
Сүүлийн жилүүдэд манай залуус дэлхий нийтээр өөрсдийн чадвар чадамжаа харуулан улс орноо ч давхар сурталчилж байгааг харахад тэднээр бахархахгүй байхын арга үгүй. Үүний нэг болох жишээ нь Н.Солонго гэх бүсгүй бөгөөд жирийн нэг монгол бүсгүй Германы Бавари мужийн Иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа нь үнэхээр гайхалтай бахархууштай үйл хэрэг юм.
Н.Солонго нь Герман улсын Бавари мужийн иргэдийн төлөөлөгчөөр ажилладагаас гадна Сhristian Social Union /CSU/ намын гишүүн аж. Германчуудын хувьд ажлын гүйцэтгэлийн хувьд маш хатуу дэг жаягтай орон. Нэг ёсондоо зөвхөн ажлын чадвар чадамжийг харан албан тушаалд очдог энэ газар өөрийн тууштай, үнэнч шударга, чадварлаг таниулан Монгол бүсгүй Германы улс төрийн хүрээлэлд багтсан гэдгээрээ үнэхээр том амжилт.
Түүнчлэн Солонго нь Германы улс төрд алба хашиж буй хамгийн анхны монгол хүн гэдгээрээ ч онцлог. Зөвхөн Чингис хаан, өргөн уудам тал нутагтай гэсэн ойлголтоос өөр мэдээлэлгүй германчуудад монголчууд ийм чадвар бололцоотой шүү гэдгийг Солонго бүсгүй өөрийн амжилтаараа нотлон харуулж байгаа нь цаагуураа бол давхар Монгол Улсаа таниулан харуулсан томоохон сурталчилгаа болж байгаа юм.
Дархан хотын оршин суугч Солонго Герман улсад амьдараад найм гаруй жил болж байгаа аж. Тэрээр тус улсад очсоны дараа анагаах ухаан гэх мэт олон салбарт ажиллаж байсан ч эцсийн сонголт нь тус улсын төрийн амьдрал байжээ. Анх түүнийг улс төрд алхан ороход … Энэ ази охин ч дээ … гэсэн байдлаар шоглонгүй ханддаг байсан аж. Гэсэн ч энэ бүгдийг үл анзааран өөрийн тавьсан зорилгынхоо төлөө тэмцсээр өдийг хүрсэн байна.
Тэрээр Германы улс төрийн онцлогийн талаар хэлэхдээ "Энд нэг л зүйл чухал байдаг. Энэ бол худлаа ярихгүй байх. Худлаа яривал үнэхээр хол явахгүй, богино хөлтэй, дороо баригддаг. Үнэнч шударга, ажилдаа чин хүсэлтэй л байх хэрэгтэй" хэмээн онцлон хэлсэн юм.
Тэрээр өөрийн төрсөн улс орны хөгжил дэвшилд бага ч болов уу хувь нэмэр оруулах чин хүсэлтэй бөгөөд үүнийгээ нотлон харуулж, Монгол-Германы хамтарсан "Отгонбаяр" санг үүсгэн байгуулж тэргүүлэн ажиллаж Монгол улс руугаа чиглэсэн олон арван төсөл ажлыг хэрэгжүүлж байгаа юм.
Бавари мужийн Парламентад бага хурлын гишүүн ноён Томашко хүлээж авлаа
Хамгийн сүүлийн том ажил гэвэл Монгол-Германы залуу улс төрчдийг хооронд нь холбон Германы улс төрийн намуудын талаар туршлага судлах зорилгоор Монголын залуу улс төрчдийг Германы Бундестаг болон Бавари Мужийн Парламентийн гишүүд, томоохон улс төрийн намын дэргэдэх сангуудаар айлчлуулан тусгай хоёр талын тусгай уулзалтуудыг зохион байгуулан Монголынхоо хөгжил дэвшилд гар бие оролцон яваа дайчин бүсгүйчүүдийн нэг болжээ.