Польшийн кино, театр, телевизийн найруулагч, зохиолч, продюсер Кжиштоф Занусси анх удаа Монголд ирэх гэж байна. Түүнийг дэлхий дахины кино уран бүтээлчид андахгүй бизээ. Тэрбээр энэ сарын 8-11-нд “iCinema” кино театрт болох өөрийнхөө нэрэмжит кино өдөрлөгт оролцож, кино уран бүтээлчдэд тусгайлан сургалт зохион байгуулах гэнэ.
Өдгөө 78 настай тэрбээр Польшийн хамгийн алдартай найруулагчдын нэг бөгөөд бүтээлүүдээрээ Канн, Венеци, Торонто, Москва, Монреаль, Берлин, Чикаго зэрэг хотын кино наадмын шагнал хүртэж байжээ. Түүнчлэн Милан, Ром, Палермо, Вонн, Москва, Бремен хотын театрт жүжиг болон дуурь найруулж тавьсан байна.
Кжиштоф Занусси 1939 онд Варшав хотноо төрсөн бөгөөд 1959 онд Ягеллоны их сургуулийн физикийн тэнхим, 1967 онд Лодзь хотын Киноны дээд сургуулийг төгсчээ. 1980 оноос одоог хүртэл уран бүтээлийн “Тор” нэгдлийн захирлаар ажиллаж байна.
Уран бүтээл туурвихын зэрэгцээ Лодзь хотын Киноны дээд сургууль, Их Британийн Үндэсний кино урлагийн их сургууль, Колумбийн их сургууль, Ейлийн их сургууль, Калифорнийн Берклийн их сургууль, Кэмбриж, Индианагийн Нотр Дам их сургууль, Москвагийн Кино сургуульд багшилж, 10 гаруй орны 12 сургуулийн хүндэт профессор цол хүртэжээ. Мөн түүний бичсэн номнууд 10 гаруй оронд хэвлэгджээ. 1969 онд анх "Болорын бүтэц" уран сайхны киногоороо уран бүтээлээ эхлүүлж байсан бөгөөд өдгөө телевизийн 11, уран сайхны 27 кино, мөн тооны жүжиг дуурь найруулсан гэдэг.
Кжиштоф Занусси Европын кино академийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Итали, Украин, Орос, Франц зэрэг орны хүндэт медалиар шагнуулсан байна.