“Оранж энтертайнмент” болон “Номадиа пикчерс”-ийн хамтран бүтээсэн “Бүхнээс дээгүүр” уран сайхны кино энэ сарын 28-наас буюу маргаашнаас эхлэн бүх кино театруудад гарч эхэлнэ. Энэхүү кинонд бүжгээр холбогдсон залуус хүсэл зорилгодоо хүрэхийн төлөө үнэ цэнэтэй ялалт, ухаарлыг олж авч байгаа тухай өгүүлэх юм. “Бүхнээс дээгүүр” уран сайхны киноны ерөнхий найруулагчаар 2016 оны шилдэг кино болсон “Итгэл” киноны найруулагч Б.Гарамханд ажилласан бөгөөд ерөнхий зураглаачаар “Логик Фильм”-ийн С.Нэргүй нар ажиллажээ.
Киноны гол дүрд “Авъяаслаг Монголчууд 2015” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч “Aim4R” продакшны үүсгэн байгуулагч бүжигчин Т.Саруултөгс, мөн “Авъяаслаг Монголчууд 2016” шоуны шилдэг оролцогч “Тэнгэрийн хунтайж” гэгддэг pole dancer Ч.Цэнгүүн болон загвар өмсөгч М.Намуунцэцэг нар тогложээ. Туслах дүрүүдэд монголын гудамжны бүжгийн шилдэг төлөөлөл болсон “Aim4R” продакшны залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон юм. Тус кинонд зориулж нийт 13 бүжиг шинээр дэглэсэн бөгөөд бүх бүжгийн хөгжмүүдийг кинонд зориулж зохиосон байна. Учир нь бүжгийн урлагийг харуулсан кинонд хөгжим маш чухал. Киноны хөгжмийн найруулгыг “HYPEMAN entertainment”-ийн саунд инженер Г.Баттуваан /TUANA/ ажилласан бол шинэ цагийн шилдэг авъяаслаг залуусын нэгдэл болсон SOUL-О групп кинонд зориулж нийт 17 бүжгийн хөгжим бичсэн юм. Мөн хөгжмийн зохиол дээр “COSMIC BANGERZ”-ын залуус ажиллажээ. Энэхүү кино нь албан ёсны зургаан soundtrack-тай анхны монгол кино гэж хэлж болно.
Киноны зураг авалт нийт 47 хоног тасралтгүй үргэлжилсэн бөгөөд зураг авалт хийгдсэн зарим сонирхолтой газруудаас нэрлэвэл, Хустайн байгалийн цогцолбор газарт орших Молцог элсэн дунд +40 градусны халуунд жүжигчид бүжиглэжээ. Мэдээж орчин үеийн залуусын кино гэдэг утгаараа өөр бусад урбан орчин бүхий обьектын сонголт чухал байсан нь илэрхий. Кинонд нийт 48 обьект дээр 400 гаруй хүнийг хамарсан зураг авалтууд хийгдсэн байна. Мөн нэг чухал хэсэг нь стиль имидж бүрдүүлэлт байв. Жүжигчдийн имидж бүрдүүлэлт дээр “BTF Mongolia”, “Fitting Room”, “Giga store” зэрэг олон газруудтай хамтарч ажилласанаас гадна зөвхөн бүжгийн үзүүлбэрүүддээ зориулж 40 гаруй хувцсыг шинээр зохион бүтээж урласан ажээ.
Киноны хамгийн оргил хэсэг болох төгсгөлийн шоуны зураг авалтыг хоёр өдрийн турш, маш олон хүмүүсийг нэг дор цуглуулж хийсэн хамгийн нүсэр зураг авалт болсон тухай уран бүтээлчид нь ярьж байна.