Оросын нэрт зохиолч Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн “Адууны түүх” хэмээх хоёр бүлэгт сонгодог жүжгийг энэ сарын 24-ний өдрөөс эхлэн Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзнаа тоглож эхэллээ. Жүжгийн гол дүрийг Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, жүжигчин Э.Тодгэрэл нар бүтээжээ. Монголын театрын тайзнаа амилж буй 35 дахь сонгодог бүтээл болсон уг жүжгийн ерөнхий найруулагчаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Баатар ажиллаж байна. “Адууны түүх” жүжгийн гол дүрд тоглож буй Ардын жүжигчин Г.Мягмарнарантай жүжгийн нээлтийн тоглолтын үеэр ярилцлаа.
–Энэ жүжгийг Монголын театрын тайзнаа амилуулах “хувилдаан”-д голлох үүрэг гүйцэтгэсэн хүнийг таныг гэж ярилаа. Яагаад заавал “Адууны түүх”-ийг сонгох санаа төрөв. Жүжгийн талаар товч ярьж өгөхгүй юу?
-Монгол хүн бүр адуунд дуртай. Бид бүхэн морио дээдэлдэг ард түмэн. Тэр утгаараа монгол түмний шүтээн болсон хийморлог амьтны тухай жүжиг тавих хүсэл эртнээс төрж байсан. Хөгшин морины түүхээр дамжуулаад хүний амьдралыг харуулсан бүтээл юм. “Холстомер” бол маш алдартай бүтээл. Манай драмын театрт Л.Толстойн уран бүтээлээс ерөөсөө орж байгаагүй юм билээ. Б.Баатар найруулагч гэхэд энэ жүжгийг тавих гэж дөрөв, таван жилийн өмнөөс бодсон гэсэн. Энэ хүсэл нь биелж байна. Адуугаар хүний амьдралыг хэрхэн төсөөлж бичсэн, адуу хүний амьдралыг хэрхэн харж байдаг тухай, тэд юу гэж сэтгэж, шаналдаг вэ гэдгийг харуулснаараа онцлог. XVIII зууны үед бичсэн гэхэд хүний амьдралд өнөөдөр ч хамаатай сэдэв. Нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах сэдэв. Энэ дашрамд, биднийг санааг тусган авч, театрын уран бүтээлийн бодлогод оруулан, жүжгийг олны хүртээл болгож буй удирдлагууддаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Театрын урын санд сонгодог жүжиг нэгээр нэмэгдлээ.
–“Адууны түүх” жүжиг эмгэнэлт, инээдмийн жүжиг гэх тодотголтой. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бидний зүгээс төрөл жанрыг ингэж тодорхойлж байгаа юм. Түүнээс биш үзэгчид арай өөрөөр харах байх. Жүжгийн тухайд нэг их дэлгэрүүлж яримааргүй байна. Театрт ирж, жүжгээ үзээд суух нь илүү өгөөжтэй байх. Гол утга санааг хэлчихвэл тухайн жүжиг, кино өөрөө утгагүй болно. Яриулчихаад үзэхээр амтгүй санагдахгүй гэж үү. Бүгдээрээ ирж, шимтэн үзээрэй.
–Жүжгийн дүрүүдэд монгол нэр өгсөн гэж байсан. Жүжгийн зохиол хэр өөрчлөгдсөн бэ?
-Зохиолын хувьд өөрчлөгдөөгүй. Харин жүжигт гарах гол дүрийн баатруудын нэрийг монгол болгож, үйл явдлыг монгол ахуй руугаа ойртуулья гэсэн саналыг найруулагч Б.Баатар гаргасан. Жишээ нь, Оросын амьдрал дээр тусгаж бичсэн ч бид нэрийг нь монголчиллоо. Монголчуудын аж байдал, ахуй соёлд нийцсэн жүжиг болгох оролдлого хийсэн. Тэгэхээр гурван дамжлага дамжсан гэсэн үг. Лев Толстой өөрөө сонгодог бүтээл туурвидаг хүн. Зохиолч энэ бүтээлээ 29 жил бичсэн гэдэг. 1975 онд тухайн үеийн ЗХУ гэж байхад бүтээлийг анх тавьсан байдаг. Тэр цагийн театрын өнгө төрхийг илэрхийлж байсан уран бүтээл. Тэр дундаа адууны амьдралаар хүмүүний амьдралыг элэглэсэн нь содон юм. Зохиолын үйл явдлыг харахад адууны түүх биш. Он, цагийн дараа адуу, эзэн хоёр уулздаг. Гэтэл адуу эзнийг таниад байдаг, харин эзэн таньдаггүй. Өнгө, мөнгө хөөсөн хүн амьд байхдаа үхдэл болох нь элбэг гэсэн санааг хүмүүс ойлгоосой гэж энэхүү бүтээлийг тавилаа.
–Азидаа анхдагч болж байгаа юм байна?
-Тийм. Тэр утгаараа манай театрын түүхэнд шинэ түүх бичигдэж байна. Азидаа анхлан “Адууны түүх” бүтээлийг тавилаа. Зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн хүн ардын үүсэл хөгжил, хурд, уналт босох нь магадгүй адуутай холбоотой гэж зарим эрдэмтэд ярьдаг. XIII зууны байлдан дагуулалт адуу, хүний ухаан, сумны хурд байсан. Одоо бид төрийн сүлдэндээ тахидаг эрдэнэт хүлгийн тухай тайзан дээрээс магтан дуулах ёстой байх. Энэ бүтээлд Л.Толстойн амьдрал бас харагдаж байдаг. Тэр хүн бүх зорилгодоо хүрч чадсан. Түүний нэг л зорилго биелээгүй гэж хэлсэн байдаг юм билээ. Тэгээд өөрийнхөө сайн дураар, өөрийнхөө амьдралыг орхиод, нийгмийн дунд орж, амиа алдсан гэсэн яриа байдаг. Тэр хүний 190 жилийн ой тохиож байгаа энэ үед Монголд энэ бүтээл тайзнаа амжилж байгаа нь гайхалтай. Энэ бол уран бүтээлчдийн хувьд ард түмэндээ өгч буй оюун санааны асар том тэжээл юм. Тиймээс ард түмэн та бүхнийг “Адууны түүх” жүжгийг үзээсэй гэж хүсэж байна.
“АДУУНЫ ТҮҮХ” Холстомер хэмээх хоёр бүлэгт жүжиг
УДБЭТ. Арваннэгдүгээр сарын 24-нөөс арванхоёрдугаар сарын 03
- Орчуулагч Н.Пүрэвдагва
- Ерөнхий найруулагч УГЗ Б.Баатар
- Ерөнхий продюсер УГЗ Д.Цэрэнсамбуу
- Уран сайхын удирдагч ТС, АЖ Н.Сувд
- Ерөнхий зураач О.Баярмагнай
- Хөдөлгөөний найруулагч СТА Г.Ган-Очир
Дүрүүдэд
Холстомер Г.Мягмарнаран СТА Д.Баттөмөр
СТА С.Болд-Эрдэнэ Б.Золжаргал
СТА Э.Тодгэрэл А.Чингүн
Серпуховсзий ван СТА М.Түвшинхүү УГЖ Б.Жаргалсайхан
Вязопуриха АЖ С.Сарантуяа УГЖ Г.Урнаа
СТА М.Тогтохжаргал Д.Асардарь
Матье, Мари УГЖ Ж.Оюундарь Ц.Аззаяа
Офицер Б.Шинэбаяр Г.Ганбат
Бобринский Ц.Төгсбилэгт
Феофан, Фринц Р.Адъяабаатар
Васька СТА Ж.Пүрэвдорж
Агтчин Ц.Жаргалсайхан А.Очирбат
Найрал дуучид буюу адуун сүрэгт
- Б.Нармандах
- Ц.Баясгалан
- Г.Алтангэрэл
- Г.Номуун
- Ц.Аззаяа
- Ц.Жаргалсайхан
- Б.Золзаяа
- Т.Сэргэлэн болон Соёл урлагийн их сургуулийн оюутнууд тоглож байна.
Эх сурвалж: NEWS.MN
Ч.БОЛОР