Офицеруудын ордны өглөө цоглог марш, золбоолог цэргийн дуу, уянгалаг аялгуугаар угтан эхэлнэ. Энэ хамт олны нэгээхэн хэсэг Эстрад симфони найрал хөгжмийн албаар орж, түр саатлаа. Тэд уран бүтээлийн хувьд зогсолтгүй, шантаршгүй зүтгэдэг зангаараа жил бүр шинэ шинэ тоглолтуудыг үзэгч олноо өргөн барьдаг. Тухайлбал, “Сэтгэлийн эгшиг”, “Мөнгөн шөнө”, “Аялгуу эгшиглэсэн 10 жил”, “For you music”, “Хөгжилтэй хөгжимчид”, “Романтик үдэш”, “Thank you for the music”, “Music and movie”, “Хайрлахсан”, “Аялгуут он жилүүд”, “Өнгөрсөн, одоо, ирээдүй” зэрэг тоглолтууд нь өөр өөрийн өнгө аястай, шинэлэг болж чаддаг. Одоо 20 жилийнхээ ойн өмнө урын сангаасаа сорчлон дээжилсэн бүтээлүүдээрээ цомог хийн үзэгч олондоо өргөн барьж байна. Монгол улсынхаа бүх аймаг төдийгүй ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, европын орнуудаар айлчлан тоглосон бөгөөд “Их талын жааз” олон улсын хөгжмийн наадам, Олон улсын үлээвэр найрал хөгжмийн наадам, АСЕАМ зэрэг дэлхийн хэмжээний уралдаан тэмцээн, үйл ажиллагаанд амжилттай оролцсон. Оны шилдгүүдийг тодруулах 'Grand expo 100' наадмын 'Шилдэг энтертайнмент' төрлийн Гран-при шагнал хүртсэн бахдам амжилтаар ойгоо угтаж байна.
1997 он… Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын сонгодог, эстрад, ардын хөгжимчид нийлчихсэн Холимог найрал хөгжмийг ардын, эстрад гэж хоёр салгаснаар Эстрад симфони найрал хөгжмийн алба үүссэн гэдэг. Ахмад үеийнхний эмзэглэл, удирдлагын үл ойлголцол, хэвлэлийн дайралт, элдэв матаас гээд олон шалгуур, сорилтыг даван туулж, шаргуу зүтгэл, тэсвэр тэвчээрийн хүчээр тус албаны үндэс суурийг тавилцсан БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Б.Батсайхан, чуулгын дарга УГЗ Ё.Цэрэндолгор, анхны удирдаач УГЗ, хөгжмийн зохиолч Б.Нямдорж нартаа энэ албаны үе үеийн уран бүтээлчид талархаад баршгүй.
Энэ хугацаанд Эстрад симфони найрал хөгжмийн албаны уран бүтээлчид дэлхийн сонгодог болон Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг тоглон, 20 шахам бие даасан тоглолт хийж, өдгөө урын сандаа 300 гаруй дан хөгжмийн бүтээлтэй төдийгүй чуулгынхаа уран бүтээлийн ер гаруй хувийг хөгжимдөж байна. Монгол улсад зохион байгуулагдсан олон улсын томоохон арга хэмжээ, Улсын их баяр наадам, тэмдэглэлт ой болон батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний хүндэтгэлийн тоглолтууд, үйл ажиллагаануудад оролцохоос гадна нийтийн дуу дуулаачид болон рок попын уран бүтээлчид, хамтлагуудтай хамтран ажиллаж байна.
Хөгжимчдийн сэтгэл, бүжигчдийн хөл, дуучдын амьсгааг хүртэл мэдэрдэг
Удирдаач гэдэг удирдагч гэсэн үгнээс гаралтай гэж нэгэнтээ сонсож билээ. Тус албаны ерөнхий удирдаач, хошууч Б.Энхбаяртай ярилцаж суухад өөрийн эрхгүй тэгж бодогдлоо. Бүхэл бүтэн оркестрыг гарын хөдөлгөөнөөрөө удирдан зангидаж, сонсголонтой сайхан аялгууг ард түмэндээ хүргэх нь маэстрогийн гол үүрэг бөгөөд тэдний үг хэл нь гартаа орчихсон байдаг бололтой. Өнөөдөр ажиллаж байгаа ахмад, дунд, залуу гурван үеийн төлөөллийн гуч гаруй уран бүтээлчийг зангидсан гар болгон нягтруулж, “галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” уран бүтээлийн охь амтагдсан 20 настай учруулж байгаа нь түүний сүүлийн арав гаруй жилийн хөдөлмөр зүтгэлийн үр дүн ажээ. Энэхүү албыг үүсгэн байгуулагч УГЗ, хөгжмийн зохиолч, удирдаач Б.Нямдорж нарын ахмадуудаас эхлээд өнөө цагийн цагийн түүчээ Б.Энхбаяр, С.Сэргэлэн нар хүртэл удирдаач бүхэн удирдах арга барил, ур чадвар, уран бүтээлийн чиг шугамын хувьд тус тусын онцлогтой нь гарцаагүй. Өнөөдрийн ерөнхий удирдаач маань харин монгол амт, үнэртэй бүтээл хийх ёстой гэсэн байр суурь баримталжээ. Зорьсондоо ч хүрсээр, уран бүтээлийн хувьд илүү ихийг бодож, зорьж, шунан тэмүүлж яваа нь харцнаас нь андашгүй. 2006 онд үлээвэр хөгжмийн удирдаач, 2015 онд Шанхайд сонгодог хөгжмийн удирдаачаар төгсч номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан ч оркесторт анх орно гэхээр хөнгөн айдас байсан гэдэг. Энэ нь цэргийн чуулгын удирдаач найрал хөгжимчдөөсөө гадна тайзан дээрх бүжигчдийн хөл, дуучдын амьсгаа зэрэг нарийн ширийн бүхнийг мэдэрч удирдахын онцлогийг анхнаасаа мэдэрч байсантай холбоотой.
Удирдаачийн хувьд уран бүтээлчидтэйгээ харилцан ойлголцоод шинэ бүтээл дээр ажиллаад, хөлсөө гартал халаад дохиж зогсох л хамгийн жаргалтай үе нь гэсэн. Мөн сургуулилтаа үнэн сэтгэлээсээ хийгээд, хичээгээд сууж байгаа хөгжимчнөө харахад үнэхээр сайхан байдгаа ч нуусангүй. Ойрын үед ойн тоглолтдоо бэлдээд албаараа шаргуу бэлтгэл хийж, өдөр шөнийг үл харгалзан ажиллаж байгаа ч бүхий л уран бүтээлчдийн сэтгэл баяраар, бахдалаар халгиж цалгиж байгаа гэнэ. Нэгэн зүгт харж, сэтгэл зүрхээ нэгтгэж чаддаг хамт олон сайхаан сайхан.
Царайны өнгө биш хөгжмийн өнгө шүү…
Энэ эвсэг хамт олны дундаас хоёр ч гэр бүл гал голомтоо бадраажээ. “Би нөхрийнхөө өнгөнд анх дурласан” гэснээ “Гэхдээ царайны өнгө биш шүү” хэмээн залруулсан хийлч, ахлах ахлагч Н.Мөнхтуяа үнэхээр л уран бүтээлчийн гэрийг гийгүүлсэн уран бүтээлч гэргий юм даа. Сайхан бүсгүйн сэтгэлийг нарийн бүрээнийхээ хөгөөр анх татсан залуу бол өдгөө ЭСНХА-ны гоцлол хөгжимчин, сургагч ахлагч Ц.Отгонбаатар билээ. Чихээрээ дурласан бүсгүй хожим нь “өнгө шигээ залуу” байсныг нь таньж, нөхрөөрөө улам бахархаж, түүнийхээ өнгийг хайрлаж, гамнаж явдгаа хэлсэн юм. Өдгөө тэднийх хүү, охинтой бөгөөд аз жаргал, хөг хэмнэл халгисан айл болжээ.
Харин саксофончин, ахлах ахлагч Н.Мөнгөн-Очирын цэргийн хувцас жигтэйхэн сайхан зохидог, цэмцгэр байдал нь концертмейстр, ахлах ахлагч Г.Золтуяагийн харцанд өртөж, сэтгэлийг татсаар нэгэн айл өрх тусгаарласан гэнэ. Хоёр гэр бүлийнхэн маань тоглолт, уран бүтээлээр хөдөө орон нутаг, гадагшаа явахад ар гэр, үр хүүхэд орхигддог ч бие биеэ ойлгох, хамтдаа нэгэн зүг харах, амьдралын хэмнэл, хөг нэг тийм үгээр хэлшгүй сайхан байдаг талаар чин сэтгэлээ уудлан ярилцсан юм. Мөнгөн-Очирын охин чуулга дотор өсч торниж, хөгжмийн яаманд хярж, хөгжмийн хайрцаг дотор унтаж явсаар мөн хөгжимчний амьдралыг сонгосонд аав ээж нь баярласан ч басхүү аливаа уран бүтээлийн суурь, цөм нь атлаа олонд төдий л танигддаггүй хувь заяанд нь жаахан харамссан гэдэг. Гэхдээ л урлагийн гэр бүл урлагт элэгтэй, урлагийн хүүхэд төлөвшүүлснээрээ бахархсан гэдэг.
Бүхнийг чин сэтгэлээсээ хий, мэдэр, тогло
Энэ албаа анх байгуулагдахаас нь байсан “архгууд” гэвэл хөгжимчин Ж.Отгончулуун, Б.Мөнхцэцэг, З.Саранхүү нарын уран бүтээлчид бий.
Ахлах ахлагч, СТА Ж.Отгончулуун албандаа хөгжимчний үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ 50 гаруй бүтээлийн хөрвүүлэг, монголын болон гадаадын хөгжмийн зохиолчдын 150 гаруй дууны найруулгыг хийж, “Хайрын дөрвөн улирал”, “Хөх монгол”, “Бид нэг оны эрчүүд” зэрэг 20 гаруй дууны аялгууг зохиосон уран бүтээлийн арвин сантай ч даруухан амьдарч, урлан бүтээсээр явна. Хөгжимчин, СТА Б.Мөнхцэцэг бол хуучин холимог найрал хөгжмийн үеийн цэрэг болохоор энэ хамт олноо үүх түүхээр нь мэднэ. Ямартаа л одоо хөгжимчний зэрэгцээ урын сангийн эрхлэгчийн албыг амжуулаад хашиж байхав. Хийлч, ахлах ахлагч З.Саранхүү өөрөө бүхий л бүтээлийг зүрхэндээ ойрхон, сэтгэлдээ зураглан байж тоглодог болохоор залуу уран бүтээлчдэдээ “Бүхнийг чин сэтгэлээсээ хийж бай” хэмээн чухалчлан захидаг.
Үзэгч олныг суудлаасаа уухайлан өндөлзүүлдэг цоглог хэмнэл, уярсандаа уйлж, басхүү нулимсаа дотогш нь залгидаг уянгалаг аялгуу, биширсэндээ өөрийн эрхгүй дагаж дуулмаар болдог амьдралын өнгийг тэд л нэгэн хормоо хэдэнтээ хувиран илэрхийлж чадна.
Тэд бол ЦДБЭЧ-ын ЭСНХ-ийн уран бүтээлчид билээ.
Д.Гүнжилмаа