Соёл, урлагийн газраас 2018 оны 05 – р сарын 4 ний өдөр өөрийн байранд "Театрын урлаг ба хамтын ажиллагаа өдөрлөг" – ийг зохион байгууллаа. Тус өдөрлөг, арга хэмжээнд төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагууд Соёл, урлагийн их сургууль, Монгол Улсын Консерватори, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын зохиолчдын хороо, Монголын бүжиг дэглээчдийн холбоо зэрэг мэргэжлийн холбоодын төлөөлөл байгууллагууд оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулав.
Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын удирдлагуудад 2017 онд Улсын санд худалдан авсан хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүд болон хүүхдэд зориулсан уран бүтээлийн зохиолын уралдаанд шалгарсан шилдэг зохиолын номын дээжийг гардууллаа. Мөн орон нутгийн театр, чуулгад тоглогдох боломжтой улсын сан дахь шилдэг бүтээлийн жагсаалтад багтсан дан хөгжимд зориулсан бүтээлийг эргэлтэд оруулах, урын санг баяжуулах зорилгоор ашиглах боломжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын эхний ажлыг эхлүүлснийг мэдэгдлээ.
Мөн өдөрлөг арга хэмжээний үеэр урлагийн байгууллагуудад дутагдалтай байгаа ажлын байрыг танилцуулах, соёл урлагийн мэргэжилтэй ажил хайгч иргэдийг бүртгэх, урлагийн байгууллага болон уран бүтээлчид, зохиолчид шинэ уран бүтээлийн төслөө танилцуулах, хамтран ажиллах баг, уран бүтээлчдээ сонгох, урлагийн байгууллагууд болон мэргэжлийн холбоод хамтран ажиллах боломжтой төсөл, хөтөлбөрт санамж бичиг байгуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулагдсан юм.