Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос санаачлан, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газар, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамтай хамтран зохион байгуулсан “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” өнгөрсөн баасан гарагт Төрийн ордны их танхимд болж өндөрсөн билээ.
Зөвлөгөөнд хот, хөдөөгийн таван зуу гаруй залуу малчид, уяачид оролцсон бөгөөд ММСЗУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Гантулга, ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Х.Болорчулуун, Ч.Улаан, О.Батнасан, Ж.Батзандан, Н.Учрал зэрэг УИХ, ЗГ-ын гишүүд, Д.Онон О.Батбилэг, Б.Мөнхтөр, Н.Даш-Өлзий, Б.Содномцог тэргүүтэй арван гурван Монгол Улсын Тод манлай уяачид болон Манлай уяачид, Алдарт уяачид оролцжээ.
ММСЗУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Гантулга зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөлгчдөд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлээд төрөөс малчид, уяачдын талаар гаргаж буй хууль тогтоомж, авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийн талаар танилцуулж, Үндэсний их баяр наадмаа Монгол Улс даяараа нэг өдөр зэрэг тэмдэглэдэг болох, малчид, малчдын хүүхдүүд болон хурдан морины уралдаанч хүүхдүүдийн насыг нэмэгдүүлэх, тэдний аюулгүй байдал боловсролын чиглэлд түлхүү анхаарч ажиллаж буйгаа илэрхийлжээ.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Малчид, уяачдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээ, өнгөрсөн болон өнөө цагийн аж амьдралын хөгжил дэвшлийн тухай илтгэл тавьсан бол УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ж.Батзандан нар зөвлөгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлсэн бол, УИХ-ын гишүүн Н.Учрал “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хууль, УИХ-ын гишүүн О.Батнасан “Мал амьтаны эрүүл мэндийн тухай” тус тус хуулийн танилцуулга хийжээ. Мөн тус зөвлөгөөнд МУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү, Г.Сампил, АИХ дарга асан Г.Гомбожав нар хүрэлцэн ирж өөрсдийн аж амьдралын туршлага, мал маллах, хурдан морь уяж сойх арга ухаанаасаа хуваалцсан нь залуу малчид уяачдад сурааль үгээ хайрласан урам зориг өгсөн сайхан үйл явдал боллоо.
Зөвлөгөөний индэрт ХААХҮЯ, ХААИС, ЦЕГ-ын Малын хулгайтай тэмцэх хэлтсийн мэргэжлтэнүүд ч мөн холбогдох сэдвийн дагуу лекц илтгэлүүдээ танилцуулан хамтран ажиллахаа илэрхийлжээ. Удахгүй УИХ-аар “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцэгдэх гэж байна. Тэгвэл энэ Хуулийн төслийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хийж, эрдэмтэн судлаачид, уяачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлыг нь сонсч сонирхсон асуултад нь хариулсан бөгөөд зөвлөгөөнд оролцогчид хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Залуу малчид уяачдын зөвлөгөөнийг ТВ5 телевиз улс орон даяар бүтэн өдрийн туршид шууд дамжуулж, зөвлөгөөнд оролцогсодын санал хүсэлтийг хүргэж ажиллажээ.