Хөгжмийн зохиолч, ая зохиогчдын 2019 онд бүтээн туурвисан дууны уран бүтээлийн шилдгийг тодруулах наадмын бүртгэл эхэллээ. Энэхүү наадам нь 33 дахь жилдээ зохиогдож байгаа юм.
Монгол үндэсний хөг эгшиглэгээт дууны уран бүтээлийн урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх, уран бүтээлчдийн зохион туурвих бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, алдаршуулах, оны шилдэг дуу шалгаруулах зорилготой “Морин хуур” наадам нь дараах гурван төрөлд өрсөлдөнө. Үүнд,
- Мэргэжлийн дуу: Аялгууны хувьд цараа багтаамж ихтэй, шүлгийн утга агуулга өргөн хүндэтгэлтэй, дуулаачаас мэргэжлийн өндөр ур чадварыг шаардсан хөгжмийн дарамж зохирлыг мэргэжлийн түвшинд боловсруулсан дууны уран бүтээл
- Нийтийн дуу: Дуучнаас хоолойн цараа шаардахгүй, нийтээр даган дуулах боломжтой, ардын болон орчин цагийн хөг хэмнэл, утга агуулгыг илэрхийлсэн үндэсний хэв шинжтэй дууны уран бүтээл
- Эстрад дуу: Рок, поп, джаз урсгал чиглэлд бичигдсэн сэдэв агуулга чөлөөтэй орчин цагийн дууны уран бүтээл
Бүтээлд тавигдах шаардлага: Уралдаанд оролцох бүтээл нь 2019 онд зохиогдсон байх бөгөөд дууны сэдэв, агуулга чөлөөтэй. Бүтээл нь зохиогчийн эрхийн ямар нэгэн зөрчилгүй байх ба уралдаанд оролцогчид дуугаа шат тус бүрд ямар хөгжимтэй хамсран дуулахаа урьдчилан мэдүүлж, хувийн бэлтгэлээ хангасан байна. Зохиолч нь наадмын төрөл тус бүрд 1-2 дуугаар оролцож болно.
Уралдааны бүртгэл: Энэ сарын 13–30-ны өдрийг дуустал Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг-Соёл урлагийн газрын 128 тоот өрөөнд ажлын өдрийн 10:00-17:00 цагийн хооронд бүртгэнэ. Орон нутгаас оролцогч нь [email protected] цахим хаягаар материалаа ирүүлж болно. Уралдаанд оролцогч нь бүртгүүлэхдээ дараах материалыг авч ирнэ. Үүнд,
- Дууны шүлэг, аялгуу /төгөлдөр хуурын дарамж /клавир/
- Дууны хөгжмийн бичлэг хийгдсэн бол сонсох CD
- Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны гишүүний 2019 оны татвараа төлсөн баримт
- Дуугаа бүртгүүлэхдээ уралдаант шалгаруулалт тус бүрд ямар хөгжимтэй хамсран дуулахаа урьдчилан мэдүүлнэ.
- Уралдаанд оролцуулах дуу тус бүрд 20,000 / Хорин мянга / төгрөгийн хураамж төлнө.
Уралдааны шалгаруулалт: Шалгаруулалтад оролцож буй бүтээлүүд нь зохиогчдын нэрээр бус тусгайлан оноож нууцалсан кодоор явагдах бөгөөд тус наадам нь гурван үе шаттай зохион байгуулагдана.
- Уралдааны I шатны шалгаруулалт 2020 оны хоёрдугаар сарын 01-02-ны өдрүүдэд Улсын Филармонийн концертын танхимд болно. Уран бүтээлчид төгөлдөр хууртай, эсвэл фонограммтай дуулж болох ба хамсраа хөгжмөө өөрсдөө хариуцна.Төрөл тус бүрээс 15 дууг шалгаруулж II шатанд оролцох эрхийг олгоно.
- Уралдааны II шатны шалгаруулалт 2020 оны хоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд 19.00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд үзэгчидтэйгээр зохион байгуулагдана. Уран бүтээлч нь бүтээлээ найрал хөгжимтэй хамсран дуулуулах бол хөгжмийн найруулга, удирдвар, хувь зэргийг нэг хувь авчирна. Төрөл тус бүрээс тус бүр таван дууг шалгаруулж III шатанд оролцох эрхийг олгоно.
- Уралдааны III шатны шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслол “Морин хуур 2019” наадмын гала тоглолт 2020 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 15:00 цагаас Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд зохион байгуулагдана.
Шалгаруулах журам: Уралдааны төрөл болон шалгаруулалт тус бүрд Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны Удирдах Зөвлөлийн хурлаас хэлэлцэн батлагдсан мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулах бөгөөд уралдаанд оролцогчдын дарааллыг сугалаагаар зохицуулж, уралдаан дуустал баримтална. Уралдааны шүүгчид бүтээлийг шаардлага хангаагүй гэж үзвэл бүрэн сонсохгүй зогсоох, уралдаанд оролцогчдын тооноос хамааран дараагийн шатанд оролцох уран бүтээлийн тоог нэмэх эрхтэй байна. Уралдаантай холбогдон гарсан аливаа гомдол, саналыг бичгээр авах ба шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэж, эцсийн шийдвэрийг ерөнхий шүүгч гаргана.
Наадмын шагнал: “Морин хуур 2019” наадамд мэргэжлийн, нийтийн, эстрад гэсэн гурван төрөлд эхний гурван байрын шилдэг дууг тодруулж өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн шагналыг олгоно. Шилдгийн шилдэг уран бүтээл /ГРАНПРИ ШАГНАЛ/ -ийг тодруулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилжин явах цом, Өргөмжлөл, МҮОНТ- ийн нэрэмжит Морин хуур, Ивээн тэтгэгчдийн шагналыг гардуулна.
Бүртгэлтэй холбогдолтой дэлгэрэнгүй мэдээллийг 51-264944, 99132913 утаснаас тодруулах боломжтой.
/Дууны уран бүтээлүүдийн төгөлдөр хуурын хамсраа бүтээлийн дарамж (клавир), цөөхүүл болон найрал хөгжимд зориулсан бичвэр (партитур)-ийг Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны архивт хадгална./
Эх сурвалж: Монголын Хөгжмийн зохиолчдын Холбоо