Монгол хувцсаараа гоёсон тэр жаал цэцэрлэгтээ очиж болохгүйг гадарлаж байгаа. тэр хамгийн сүүлд хэзээ цэцэрлэгтээ очсоноо мартсан. Бяцхан гарынх нь арван хуруу, булбарай хөлийнх нь 10 хуруутай нийлээд цаашаа тоогоо алдсан.
Навчис шарлаж байхад тэр хоригдсон. Цонхоор цас орохыг харсан. Гараад гулгаж тогломоор байсан ч түүнийг гаргаагүй. Ёолк болсон. Гэхдээ эмээ, өвөө, аав, ээжийн найзууд ирж мялаагаагүй. Түүнийг очуулаагүй. Үргэлж өмөөрч, эрхлүүлж байдаг өвөө, эмээтэйгээ утсаар л ярьдаг болсон. Багш биш 11.00 цагийн мэдээний эгчийг, Онцгой комиссын ууртай юм шиг хурандааг цэцэрлэгийн багшаасаа илүү тэр мэддэг болсон.
Дахиад цас орсон. Дараа нь цагаан сар болсон. Хоригдож залхсан хүү эмээ, өвөө дээрээ очихоор өөрийнхөө “тэмцлийн” аргыг сонгосон нь тэр…
Аав эсвэл ээжийнх нь өхөөрдөн цахим орчинд оруулсан энэ зураг Монголын бяцхан багачуудын байр байдлыг тайлбаргүйгээр таниулж байна. Тийм ээ, тэд гэртээ удсан. Тэр зураг монголчуудын өнөөдрийг харуулсан бодит байдал.
…Хөл хорионд хүүхдүүд уйдаж, гэртээ гүйлдэн доод айлыг паараа тогшиход хүргэж байна. Хамгийн гаслантай нь бүхэл бүтэн цонх үе “Ковид-19”-ийн уршгаар гарч ирж байгаа ч түүнээс илүү аймшигтай нь бидний хэнд нь ч бяцхан үрсээ, ахмад буурлуудаа энэ цар тахлаар алдах эрсдэл бодитоор бий болчихлоо.
Нийслэл хот халдварын голомт болж, 2021 оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар Монгол Улсад нийт 2293 тохиолдол батлагджээ. Ганцхан хоногийн дотор 46 тохиолдол бүртгэгдсэний хоёр нь айл өрхөөс авсан шинжилгээгээр илэрснийг албаныхан дуулгалаа.
“Ковид-19” өрх бүрийн хаалгыг тогшиж байна. Байнгын онцгой дэглэмд ажиллаад жил болсон эрүүл мэнд, онцгой, цагдаагийн албан хаагчид туйлдаж байна. Цөөхөн эмнэлгийн ажилтнуудаас маань цөөнгүй нь халдвар авч тусгаарлалтад ороод эхэллээ. Хорионд байсан эдийн засаг түүхэнд байгаагүйгээр уналтад оров. Цар тахал, эдийн засгийн уналт, ажилгүйдэл, ядууралд бид давхар нэрвэгджээ. Бүгд бухимдалтай байна. Гэхдээ…
Гэхдээ бидэнд цаашид энэ хэвээрээ уруудах уу эсвэл түүний эсрэг зогсож, сүүлчийн удаа тэсвэр гаргаж, аливааг эрүүлээр харах уу гэдэг хоёрхон сонголт үлджээ.
Засгийн газар бүхий л бололцоогоо ашиглан эцсийн цохилт өгөхөөр тэмцэж байгаагаа Шадар сайд мэдэгдсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч “Энэ удаагийн хөл хорио өмнөхөөс ялгаатай. 410 мянган өрх бүрээс тус бүр нэг хүнийг шинжилгээнд хамруулах, голомтыг хумих, тархалтыг зогсоох, вакцинжуулах сууриа тавих зорилготой” гэв.
Хөл хориог тавихдаа иргэдээ вакцинжуулахын тулд нэн түрүүнд шаардлагатай зүйл нь хүн амын дунд халдвар хэр тархсан, өмнө нь өвчилсөн эсэхийг мэдэх, улмаар хамгийн эрсдэлтэй бүлгийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай аж. Энэхүү бааз суурийг бүрдүүлэхийн тулд 410 мянган өрх бүрээс шинжилгээ авах шаардлагатай аж.
Ийм учраас л бүх хүчин чадлаа дайчлан, халдварыг тархаахгүйгээр өрх бүрийг шинжилгээнд хамруулах зорилгоор хатуу хөл хорио тогтоожээ.
Гэтэл… Зарим маань шинэлэх гээд гэр хорооллын гудмаар муур, хулгана болон муйхарлаж байгааг цагдаагийн албан хаагчид хэлж байна. Нөгөө л монгол хүний хэнэггүй зангаар, халдвар авахгүй гэсэн тэнэгдүү төсөөллөөр хандаад, өөрийгөө болоод үр хүүхдээ эрсдэлд оруулсаар буй аж.
Зарим нь “хэнийг нь орцонд нь аваад, хэнийг нь очиж шинжилгээгээ өг гээд байгаа юм бэ?” гэж гомдоллох болов. Албанынхны тайлбарласнаар, халдварын эрсдэлтэй бүс, ногоон бүс гэж ангилсан бөгөөд эрсдэлтэй бүсийнхнийг ногоон бүсийнхэнтэй хавьталд оруулахгүйн үүднээс хоёр өөр зохион байгуулалтаар шинжилгээ авч буй аж.
Өөрсдийнх нь төлөө өдөр шөнөгүй зүтгэж яваа цагдаа, эмч нараа ч бодсон бид “Нэг хаалга-нэг шинжилгээ” аяныг нэг санаагаар дэмжиж гэмээнэ вакцинд хамрагдах боломж бүрдэнэ гэдгийг л нэг мөр ойлгох хэрэгтэйг Ерөнхий сайд онцлоод байгаа. Тиймээс л бид хайртай бүхнийхээ төлөө монгол хүний уужуу ухаанаар хандаж, идэвхитэй шинжилгээнд хамрагдаж, эрсдэлээс дотны бүхнээ хамгаалах нь чухал аж. Ингэж байж л бид энэ бүхнээс салах нь хэнд ч ойлгомжтой боллоо.
Алийн болгон айж амьдрах вэ? Тиймээс хэн нэгэн албан тушаалтан гэхээсээ илүүтэй хайртай гэр бүлийнхээ сайн сайхны төлөө нэг удаа нэгдэцгээе.
…Бяцхан жаал инээмсэглэн өвөө, эмээгийнхээ өвөрт эрхэлж, цэцэрлэгтээ явахгүй гэж нойроо харамлан хөнжилдөө шургаж, цонхоор цас орохыг хараад үеийн жаалуудтайгаа тоглон наадаж, ёолкноор хөөрч баярлан гүйлдэж, 11.00 цагийн мэдээг биш цэцэрлэгийнхээ багшийн заасан дуу, шүлгийг уншиж, “Айл гэрдэж тоглосон Алимаатай би золгохгүй” гээд шинэлж байхын төлөө одоо л ухамсартай хөдлөх цаг.
Бидний үрс тоглож наадаж, эрхэлж, ээж, аав, эмээ, өвөөтэйгөө л хамтдаа байхыг хүсдэг. Харин бид юу хүснэ вэ?