Үндэсний тусгаар тогтнол, сэргэн мандалтын үндсийг тавьсан Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойд зориулсан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг гуравдугаар сарын 18-ны “Монгол цэргийн өдөр”-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Долоо хоног бүрийн ням гарагт зөвхөн “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болох “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийг үндэсний контент хөгжүүлэгч “Эрхэт Монгол” медиа группээс санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд Ардын хувьсгал ялсан түүхэн үйл явдал, Монгол Улсын тусгаар тогтнолын бахархалт түүхийг тайз дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх юм.
Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнолд заналхийлсэн харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлж, ард олноо энх жаргаланд учруулсан ардын журамт цэргийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг баримтад тулгуурлан, тод томруунаар толилуулах уг шоунд тайз, дэлгэцийн авьяаслаг жүжигчин Д.Дэлгэрсайхан, Д.Түвшинтөр, Т.Баттулга, О.Амгаланбаатар, Р.Отгонбаяр, П.Баярмагнай, Б.Бадамцэцэг, Ц.Номин, Б.Мишээл, М.Намуунцэцэг нарын уран бүтээлчид хоёр багт хуваагдан өрсөлдөнө.
Багууд “Хиагт хотыг байлдан авсан нь”, “Баруун замын байлдаан”, “Баруун хязгаарын байлдаан, “Зүүн хязгаарыг чөлөөлсөн нь”, Хөвсгөлийн хязгаар дахь байлдааны ажиллагаа, “Нийслэл Хүрээг эзлэн ардын хувьсгалын ялалтыг тунхагласан нь” гэсэн ардын журамт цэргийн ялгуусан ялалттай холбоотой зургаан сэдвээр жүжигчилсэн тоглолт бэлтгэн, үзэгч та бүхний мэлмийд толилуулах болно.
Ардын журамт цэргийн ялалтын түүхийг шинэлэг сонирхолтой хэлбэрээр үзэгчдэд хүргэх энэхүү шоуны шүүгчээр Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн штабын дарга, Бригадын генерал Л.Онцгойбаяр, түүхийн ухааны доктор, Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар, Монгол Улсын Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий нар ажиллаж, шилдэг багийг шалгаруулна.
Шүүгчдийн үнэлгээгээр “Ардын журамт цэргийн мөрөөр” шоу нэвтрүүлгийн дугаар бүрт нэг баг ялагчаар тодорч, 2,500,000 төгрөгийн шагнал хүртэх бол цорын ганц шилдэг оролцогч 3,000,000 төгрөг, зургаан дугаарын төгсгөлд шоуны ялагч баг 10,000,000 төгрөгийн эзэн болно.
“Ардын журамт цэргийн мөрөөр” шоу нэвтрүүлэг нь 1921 оны Ардын хувьсгалын түүхэн ялалт бидэнд ямар их үнэ цэнээр олдож, баатарлаг эрсийн халуун амь, бүлээн цусаар тусгаар улсаа байгуулсан түүхийг өнөөгийн залууст эргэн сануулах эрхэм зорилготойг онцлон тэмдэглэе.