Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Гавьяат цол, одон, медаль хүртээлээ.
Монголын үндэсний бүжгийн урлагийг шинэ түвшинд гаргах, хойч үедээ уламжлуулан үлдээх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатарыг Хөдөлмөрийн баатар цолоор, “Аримун” продакшны жүжигчин Доржготовын Ганцэцэг, “Цирк” студийн захирал Гомбын Доржнамжил, Монгол Улсын Консерваторийн төгөлдөр хуурын багш Сангидоржийн Саянцэцэг, Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Аюурзанын Цэгмид нарыг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Мөнхзаяагийн Түвшинхүүг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Хөгжмийн зохиолч Мижиддоржийн Хатанбаатарыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнав.
Та бүхнийг урлагийн охин тэнгэр Янжинлхам бурхан мөнхөд ивээж, уран бүтээлийн онгод хиймориор бялхаж явахыг ерөөе.