Соёлын яамнаас 2021 онд “Хос бичигтэн яам” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр нээлтээ хийлээ.
“Хос бичигтэн яам” арга хэмжээг нээж Соёлын сайд Ч.Номин: “Монголчууд бид эрт цагаасаа үндэсний бичгээрээ төрийн үйл хэрэг, шинжлэх ухааны бүтээлүүдийг туурвиж ирсэн түүхтэй. Монгол хэл соёлоо дээдлэн, үндэсний бичгээрээ цаашид төрийн албан хэргээ хөтлөх нь бидний үүрэг юм. Тиймээс үндэсний бичгээ сурч эзэмшин түгээн дэлгэрүүлэхийг манай яам, харьяа байгууллагууддаа түүчээлэн манлайлж “Хос бичигтэн яам” болохыг зорьж байна.
Монгол Улс кирилл үсгийг 1946 оноос эхлэн хэрэглэж ирсэн ч бидний хувьд 1000 гаруй жилийн түүхтэй үндэсний бичгээрээ үйл хэргээ хөтөлж, тодорхой хэмжээнд хэрэглэсээр өнөөдрийг хүрлээ. Цаашдаа залуу хойч үедээ үндэсний бичгээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг болоод байна.
Үндэсний бичиг үсэг бол Монгол Улсын хувьд хүн төрөлхтөний түүхэнд оруулсан томоохон хувь нэмэр. Энэ бичиг үсгээ дэлхийд авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх нь бидний амин чухал хариуцлага билээ. Бидний хувьд нийтээрээ хос бичигтэй, ирээдүйд аль ч бичгээрээ саадгүй уншдаг, бичдэг залуу үетэй байхын төлөө ажиллаж байгаа бөгөөд энэ нь Соёлын яамны чухал үүргийн нэг хэмээн үзэж байна. Тиймээс цаашдаа өв соёлоороо бахархдаг, түгээн дэлгэрүүлдэг, уламжлал шинэчлэлийг хослуулдаг залуусыг бий болгохын төлөө хамтран зүтгэцгээе.
Тус арга хэмжээний үеэр “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” бүтээлээс Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл, калиграфич, уран бүтээлч Ариунболдын Монголын их хаадын захиануудын хуулбарыг монгол уран бичвэрээр бичсэн гурван бүтээлийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Дамдинсүрэн, Соёлын тэргүүний ажилтан А.Ариунболд нар Соёлын сайд Ч.Номинд гардууллаа.
“Хос бичигтэн яам” хөтөлбөрийн хүрээнд Соёлын яам албан хаагчдынхаа үндэсний бичгийн чадварыг нэмэгдүүлж албан хаагч бүр “Хос бичигтэн” болохоор тусгай боловсруулсан хөтөлбөрийн дагуу сургалтаа эхэлж байгаагийн зэрэгцээ харьяа байгууллагуудынхаа хаягжилтийг нэгдсэн стандартаар үндэсний бичгээр бичих ажлыг эхлүүлээд байгаа юм. Эдгээр нь “Алсын хараа-2050”-ын зорилтын “Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх үүргийн хүрээнд, иргэдийн монгол хэл, бичгийн түвшнийг жигд дээшлүүлэх, төрийн албан хаагчид үндэсний бичгээ бүрэн хэрэглэж сурах орчин бүрдүүлэх, сурах нөхцөл бололцоог хүн бүрд тэгш хүртээж иргэдийн эх хэл, бичиг үсэг, түүх соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэн, өв соёлоо хайрлан хамгаалж, хөгжүүлэн дэлгэрүүлдэг үндэсний үзэлтэй иргэнийг төлөвшүүлж, “Бүх нийтийн соёлын боловсрол”-ын түвшнийг ахиулахад чиглэж байна.
Цаашид монгол бичгийг албан хэргийн түвшинд ашиглаж эхлэх, толь бичиг хэрэглэн монгол хэл, бичгээрээ зөв сайхан бичих зэрэг олон олон шат дараалсан ажлуудыг 2021-2024 онд Соёлын яамнаас зохион байгуулахаар төлөвлөн “Хос бичигтэн яам” арга хэмжээгээ боловсруулжээ. Ингэснээр алсдаа “Хос бичигтэн яам” арга хэмжээг яам болон харьяа байгууллагууддаа хэрэгжүүлсэн туршлагаа улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлж 2023 оноос “Бүх нийтээрээ хос бичигтэн” болохыг уриалж байна.
Арга хэмжээний хүрээнд “Үндэсний бичиг соёлоороо бахархах өдөрлөг”-ийг “Өглөөний гудамж”-наа зохион байгуулж, монгол бичиг үсэг, өв соёлоо сурталчилсан үзэсгэлэн, уран бичлэгийн үзүүлбэр толилуулан монгол бичиг соёлоо дээдлэгч залуус, иргэд бичиг үсэг, соёлын талаар санал бодлоо солилцож, уран бичлэгийн гайхамшгийг сонирхлоо.
Нээлтийн арга хэмжээнд Соёлын сайд Ч.Номин, Соёлын яамны Төрийн Нарийн Бичгийн Даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунбилэг болон газар, хэлтсийн дарга нар Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл, Ардын багш, МУИС-ийн профессор, хэл бичгийн шинжлэх ухааны доктор С.Дулам, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ж.Бат-Ирээдүй, МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, ардын багш, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян, МУИС-ийн профессор, ардын багш, хэл бичгийн шинжлэх ухааны доктор Ш.Чоймаа, ШУА, Хэл зохиолын хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, академич Л.Болд, МУИС-ийн профессор, хэл бичгийн шинжлэх ухааны доктор М.Базаррагчаа, МУИС-ийн ШУ-ны сургуулийн захирал, доктор, профессор Д.Заяабаатар, МУИС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.Түвшинтөгс,МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, доктор Ш.Баттөгс,ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Харьцуулсан хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор, профессор О.Самбуудорж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор, профессор Э.Пүрэвжав, МУСГЗ Х.Дамдинсүрэн, Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Ховд аймгийн Соёлын хэлтсийн дарга М.Пүрэвхүү, Ховд аймгийн Соёлын хэлтсийн мэргэжилтэн С.Алтангэрэл нарын хэл бичгийн эрдэмтэн, албаны бусад төлөөлөл оролцлоо.