Амьд хөгжим сонирхогчдын зуны цэнгүүн “Playtime 2012” наадмын зохион байгуулагчдын зүгээс наадмын тасалбарыг тун удахгүй худалдаанд гаргах гэж буй тухай мэдээллээ. Одоогоор тасалбарын загварыг гаргаад байгаа гэнэ. Тасалбарын хувьд өмнөх жилүүдийнхээс ялгаатай. Тодруулбал, гэр бүлээрээ, найзуудаараа очих амьд хөгжим сонирхогчдод зориулан багцын тасалбар гаргах аж. “Playtime” наадам уламжлал ёсоор хоёр өдрийн турш буюу наймдугаар сарын 4, 5-нд Гачуурт дахь “Монгол шилтгээн” цогцолборт болно.
Зөвхөн хоёр дахь өдрийн тоглолт үзэх тасалбарын үнэ 15 мянга байх бол хоёр өдрийнх 20 мянга төгрөгийн үнэтэй. Мөн тавуулаа хамт хоёр өдрийн тоглолт үзэх бол 80 мянган төгрөгийн үнэтэй багцын тасалбар, 10-уулаа бол 150 мянган төгрөгөөр багцын тасалбар худалдан авч болох юм байна.
Дашрамд дуулгахад, наадмын бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд хамтлаг, дуучдыг долдугаар сарын 20-ныг дуустал “”Hi-Fi Records”-ын оффисын байранд бүртгэх ажээ.
Ийнхүү “амьд хөгжмийн” наадам энэ жил болохгүй гэж байсан ч хөгжим сонирхогч залуусын хүсэл, зоригоор жигүүрлэн уламжлал ёсоор задгай талбайдаа тэслэхээр боллоо. Наамдын эргэн тойрон дахь мэдээллийг эргэн мэдээллэх болно. Бэлтгэлээ сайн базаагаарай залуус аа.