ОХУ-ын Олимпийн цэнгэлдэхэд хийсэн тоглолтынхоо үеэр “Пусси Риот”-ын төлөө залбирах болно гэж амлаж байсан дуучин Мадонна өнөөдөр өөрийн сайтдаа нэгэн захидлыг тавьжээ. Энэ захидалдаа тэрээр дэлхийн бүхий л урлаг соёлын уран бүтээлчдийг Оросын панк-хамтлагт өгсөн ялыг эсэргүүцэхийг уриалсан байна. Мадоннагийн “Пусси Риот”-ын гишүүдэд өгсөн ялын хэмжээг эсэргүүцэхийг дэлхий дахинд уриалсан захидалд нь “Цугларах газраа сонгох тал дээр зөвшилцөж чадахгүй, эсвэл өөрийн бодлоо хэрхэн илэрхийлэхээ шийдээгүй байсан ч гэсэн энэ ял хэтэрхий чанга, үнэн хэрэгтээ хүнлэг бус байна. Тэд шоронд хангалттай хугацааг өнгөрүүлсэн шүү дээ. Би Оросын ард түмнийг “Пусси Риот”-ыг суллуулахын төлөө тэмцэхийг уриалж байна” гэж Мадонна мэдэгджээ.
Мөн тэрээр Пусси Риотын хөдөлгөөнийг “антипутин” гээд, харин шүүх ажиллагааг “улс төрийн” гэж нэрлэжээ. 8-р сарын 17-ны өдөр хамтлагийн гишүүд энгийн дэглэмтэй хорих ангид тус бүр 2 жилийн хорих ял авсан. Шүүхийн шийдвэр дэлхий дахиныг цочирдуулж, олон улс оронд “Пусси Риот”-ыг дэмжсэн хөдөлгөөн өрнөсөн юм. Үүнээс гадна гадны олон алдартан энэ хамтлагийг дэмжиж байгаа. Кубана фестиваль дээр “Корн” хамтлаг “Пусси Риот”-ын уран бүтээлээр бахархаж байгаагаа илэрхийлсэн бол Мадоннагаас гадна Пол МакКартни хүртэл колонид, охидод захидал бичжээ.