“Номин талст” хамтлагийн хамгийн нууцлаг гишүүн гэхээр та манай зочин хэн болохыг төвөггүй мэдэж байгаа биз ээ. Дуучин, МУСТА Т.Хангэрэл сонин хэвлэлд тэр бүр ярилцлага өгч, зурагтаар гараад байдаггүй болохоор хүмүүс түүнд дээрх тодорхойлолтыг өгдөг. Гэвч Хаазаа өөрийгөө “Их нээлттэй хүн” хэмээн тодорхойлсон.
Тэрбээр өөрийгөө “Хүнд хэрэгтэй юм ярихгүй” хэмээн дүгнэдэг ч хорин хэдхэн минут ярилцахдаа түүнийг өөрийн гэсэн үзэл бодолтой, ихэд төлөвшиж, буурь суусан нэгэн болохыг анзаарлаа.
Т.Хангэрэл “Надад нуугаад байх зүйл байхгүй” хэмээсэн бөгөөд асуултад хариулахаас татгалзахгүй ч гол хариултаас эвтэйхэн тойроод өнгөрчихнө. Нэг бодлын “хашир” ч юм шиг. Гэхдээ тэр бүр үгээ хянаж, биеэ цэгнээд байхгүй. Магадгүй тэр зүгээр л “далан булчирхайгаа дэлгэхийг” эсвэл “Хүнд хэрэггүй олон юм ярихгүй”-г хичээдэг нэгэн байх.
-Таныг “барьж авах” нь ихэнх тохиолдолд хэцүү байдаг. Харин энэ удаа та тун ч амархан зөвшөөрлөө. Урилгыг маань цааргалалгүй хүлээж авсанд баярлалаа?
-Ний нуугүй хэлэхэд би хэвлэл мэдээллийн хэрэгслээр байн байн ярилцлага өгч, олны анхаарлын төвд байх дургүй. Үзэл бодлынхоо дагуу сайн сайхан амьдарч л байвал болох нь тэр. Хэрхэн яаж амьдарч байгаагаа сонин хэвлэлээр байнга тайлагнах нь утгагүй шүү дээ. Тэр нь хэнд ч хэрэгтэй юм билээ.
Би залуу хүмүүст хандаж нэг л зүйл хэлэх дуртай. Өөрийн гэсэн үзэл бодолтой бай. Өрөөлд саад болохгүй амьдар. Хүнд өөр юу ч хэрэггүй. Түүнээс биш “Би тийм брэндийн малгай өмсдөг. Та нар ч бас тийм малгай өмсөөрэй” гэлтэй биш. Тэгж рекламддаг үе маань өнгөрчихсөн.
-Урлагийн хүн дуртай ч, дургүй ч олны анхаарлын төвд байдаг шүү дээ?
-Хийж байгаа уран бүтээлээ ард түмэндээ тайлагнах нь зүйн хэрэг. Харин би сүүлийн жилүүдэд уран бүтээлээ завсарлаж, өөр салбарт ажилласан. Тиймээс миний хаана, юу хийж яваа нь хүмүүст нэг их сонин биш. Үнэхээр сонирхож байгаа хүн байвал надтай ирж уулзаад “Чи юу хийж байна” гэвэл би яриад л өгнө.
-Та тийм нээлттэй хүн үү?
-Тэгэлгүй яах вэ. Надад бусдаас нуух юм байхгүй.
–Дуучин Т.Хангэрэл бизнесмэн болоод багагүй хугацаа өнгөрчээ. Жил гаруйн өмнө уулзахад “Одоогоор эхлэлийн шатандаа явж байна. Тодорхой үр дүнд байгаа болохоор дэлгэрэнгүй яриад яах вэ. Шаардлагатай бол хийж бүтээснийхээ дараа л тайлагная” гэж байсан. Бизнес тань одоо тодорхой үр дүнд хүрсэн биз дээ?
-Хүн бүр амжилтад хүрнэ гэсэн итгэл найдварын үндсэн дээр аливаа ажлыг эхлүүлдэг. Гэхдээ хэзээ хүссэн амжилтдаа хүрэх нь тодорхойгүй шүү дээ. Миний хувьд өөрийнхөө хэмжээнд болж л байна.
Бизнес, уран бүтээл гээд аливаа юм бүхэн хамтын ажиллагааны үр дүнд амжилтад хүрдэг. Аз болоход, надтай сайн хүмүүс хамтарч ажиллаж байгаа. Тиймээс ч ажил маань урагштай, сайн байна.
-Уран бүтээлч хүн бизнесмэн болохоор ямар өөрчлөлт гарч байна?
-Бизнес бол хүний амьдралд зайлшгүй байх ёстой зүйл гэж боддог. Хүн ямар ч ажил эрхэлдэг байж болно. Түүнийхээ хажуугаар бизнес эрхэлж, санхүүгийн асуудлаа тодорхой хэмжээгээр шийдэж байх ёстой.
Би уг нь эрхзүйч мэргэжилтэй хүн. Сүүлийн үед мэргэжлээрээ ажиллая гэж бодох болсон. Оюутан ахуйн хичээл номоо эргэж харъя. Хууль, дүрмэнд ямар өөрчлөлт, шинэчлэлт орсныг судалъя. Мэргэжлийн түвшинд өөрийгөө маш сайн хөгжүүлье гэж бодож байна.
-Амьдралын шаардлага уу, эсвэл сонирхол уу?
-Хөвгүүн байхаа больчихлоо. Аль хэдийнэ аав болчихсон шүү дээ. Тиймээс өөрийгөө хөгжүүлэх ухамсар төрчихөөд байна л даа. Энэ нь нэг бодлын амьдралын шаардлага байх.
Хамтлагтаа дуучин, гэртээ аав, ажил дээрээ тодорхой албан тушаал хашиж байна. Энэ мэтээр өдөр ирэх тусам үүрэг хариуцлага нэмэгдэж байна. Гэхдээ “Номин талст” маш олон хүний итгэлийг хүлээж гарч ирсэн хамтлаг учраас зуун хувь орхихгүй.
-Та дөрвийг уран бүтээл нэгтгэсэн ч нөхөрлөл хэмээх агуу зүйл хамтлагийн харилцааг тань гагнаж, бэхжүүлсэн байх?
-Тэгэлгүй яах вэ. 15 жилийн хугацаанд юу эс болох вэ. Тэр бүхэнд хамтдаа байж, жаргал, зовлон бүгдийг хамтын хүчээр тууллаа. Нэг ёсондоо 15 жил нэг ангид сурч байна гэсэн үг шүү дээ. Бид бол ажлын хажуугаар нөхөрлөдөг хүмүүс. Гэхдээ дуугаа дуулж дуусаад нөхөрлөдөг гэж ойлгож болохгүй шүү /инээв.сурв/.
-Хамтлагт нэгдсэнийхээ үнэ цэнийг ямар үед илүү мэдэрдэг вэ?
-Бүхий л цаг үед мэдэрдэг. Хэн нэгнийгээ хувийн ажилтай, эзгүй байх үед зайлшгүй шаардлагаар гурвуулаа дуулах тохиолдол гардаг. Тэр үед ёстой онцгүй дээ. Дөрвөн хөлтэй ширээ байлаа гэж бодоход нэг хөл нь хугарчихвал ямар байх вэ. Яг л түүн шиг мэдрэмж төрдөг. Дөрвүүлээ хамтдаа дуулж байхдаа л хамгийн жаргалтай байдаг.
-Нөхөрлөлийнхөө үнэ цэнийг хэзээ мэдэрч байв?
-Бидний харилцаа нөхөрлөлөөс хамаагүй илүү гарчихсан гэж бодож байна. Бидний нөхөрлөлийн үнэ цэн хэмжээлшгүй. Бидний дунд үүссэн тэрхүү нандин харилцааг үгээр илэрхийлшгүй. Цаг товлочихоод, нэгнийгээ хүлээж суух хүртэл зовлонтой шүү дээ.
Өнгөрсөн цаг хугацааг эргээд харахад, нэгэн гэр бүлийн амьдрал шиг л санагддаг юм. Анх эр, эм хоёр нийлж байгаа юм шиг л нэгдэж байлаа. Байртай болж, гэр гэрээсээ нэг нэгээр нь зөөсөөр, доторхыг нь төвхнүүлсэн. Дуу бол бидний хүүхдүүд. Дуугаа бичүүлж, уран бүтээл маань хүмүүст хүрэхэд баярлаж, хөөрөөд л.
-Түүнээс хойш их зүйл өөрчлөгдсөн байх даа?
-Цаг хугацааг буцааж, гүйлгээд харвал бид хэвээрээ л байгаа. Гагцхүү цаг хугацаа л явсан байх.
-Амьдралын тань хамгийн үнэ цэнтэй зүйл юу вэ?
-Миний амьдралын өдөр бүхэн үнэ цэнтэй. Өглөө бүр босоод хамгийн үнэ цэнтэй зүйл рүүгээ харна. Үнэ цэнтэй зүйлсээ гэртээ орхиод, мөн л үнэ цэнтэй зүйл рүүгээ явдаг. Энэ мэтээр яриад байвал амьдралтай минь холбогдож байгаа юм бүхэн үнэ цэнтэй.
-Таныг хамтлагийнхан чинь “Зүгээр суухыг үзэн яддаг” гэлцдэг юм билээ?
-Өдөржин хийх юмгүй суух шиг хэцүү зүйл үгүй. Зорилго тавьж, цаг хором бүрийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээдэг. Хүн эрэлхийлж л байвал заавал нэг юм олдог. Гэхдээ учиргүй махраад, биеэ зовоож болохгүй. Өөртөө таарсан ажлаа хийх хэрэгтэй.
-Яг одоо та юу эрэлхийлж байна?
-Амьдралаа илүү сайн сайхан болгоё. Өөрөө болчихвол өрөөлд илүүчилье гэсэн сэтгэл байна.
Сүүлийн үед хоол хийх дуртай болоод байгаа. Телевизийн сувгуудаар ч хоолны тухай нэвтрүүлэг их гардаг болж. Тэднийг харж байгаад л, жорыг нь жаахан өөрчлөөд туршиж үзнэ дээ.
Нэг хэсэг коктейл хийхийг их сонирхсон. Таамаглаад л хэдэн уух юм хольж, хутгаад л сэгсэрч үзээд байв. Нэг их амжилт олохгүй болохоор нь коктейлны тухай ном аваад унштал хийх арга барил, жор гээд л миний туршиж байснаас тэс өөр зүйл байсан шүү. Мэргэжлийн барменууд коктейл хийж байхыг минь харсан бол элэг нь хөших байсан биз. Одоо бол ойр зуурын коктейл хийчихдэг болсон.
-“Т.Хангэрэл ийм байх ёстой” гэсэн цензуртээ хүрч амьдарч чадаж байна уу?
-Хүрэх гээд л тэмцэж байна. Хүн төрсөн цагаасаа үхэх хүртлээ ямар нэгэн зүйлийн төлөө тэмцдэг. Анхны тэмцэл нь амьсгалахын төлөө чарлах хэлбэрээр илэрдэг юм болов уу.
Зорилгодоо хүрч чадаагүй эсвэл бодож тэмүүлж явсан зүйл нь байхгүй болчихсон ч юм уу. Бүр үгүй бол хувь тавилан ч юм уу, архинд орчихоод, арчаагаа алдаж яваа хүмүүсийг харахаар их хэцүү байдаг.
-Бусдын зовлон таныг их эмзэглүүлдэг байх нь ээ?
-Магадгүй. Би өөрөө аз жаргалтай байвал түүнийгээ бусадтай ч бас хуваалцахыг хичээдэг.
-Одоо л таны дотоод ертөнц рүү нэвтэрч эхлэх шиг санагдаж байна. Бодож байснаас тэс өөр хүн юм аа?
-Би өөрийнхөө үзэл бодлоор л амьдардаг хүн. Нүдэнд дулаахан, сэтгэлд нөмөртэй, хажууд нь байхад түшигтэй сайхан буурлууд байдаг даа. Тэдэн шиг байхыг л хүсдэг.
-Таны амьдрал, амжилтын оргил үе хэзээ байсан бэ. Эсвэл оргил үедээ хараахан хүрээгүй явна уу?
-Миний амьдрал одоохондоо хоёр том хэсгийг туулаад байна. Гурав дахь хэсэг рүүгээ гишгэх гэж байна. Багадаа спортоор хичээллэдэг байлаа. Тэр бол урлагаас огт өөр зүйл байсан. Дараа нь уран бүтээлч болж, хамтлагийн амьдралд хөл тавьсан. Одоо огт өөр алхам хийх санаа төрж байна.
-“Номин талст” хамтлагт анх ямар зорилгоор нэгдсэн бэ. Зорилгодоо хүрч чадсан уу?
-Арван жилийн сургуулийн ахлах ангид сурч байсан болохоор олон түмэнд танигдаж, нэр гарахыг л хүсч байлаа. Зорилгынхоо төлөө хамтдаа зүтгэж, бүхнийг өөрсдийн гараар бий болгосон. Зорилгоо бүр давуулан биелүүлсэн гэж боддог шүү.
-“Олон танил болох нь хүсэх зүйл биш юм” гэж бодож байв уу?
-Бидэнд тийм азгүй зүйл тохиолдсонгүй. Хүний амьдралын жамаар л замнаж явна.
-Гурван жил гаруйн дараа хамтдаа тайзан дээр гарах гэж байна. Хэр догдолж байна?
-Тайзан дээр гарахыг үнэхээр их хүсч байна. Бид ярилцаж тохироод, хамтын уран бүтээлээ завсарласан. Нэгэн цагт эргэн нэгдэнэ гэдгээ төлөвлөсөн. Гэвч уран бүтээлд цаг зааж болдоггүй. Уран бүтээл хийх хүсэл эрмэлзэл, зорилго, үзэгч, сонсогчдын эрэлт байвал хэзээ ч хийж болно.
Урлагийн хүн болно, хамтлаг байгуулна гэдэг хүүхэд насны л гэнэн мөрөөдөл гэж ойлгодог хүмүүс байдаг. Бид тэдний буруу байсныг харуулж чадлаа. Нэг ёсондоо олон хүн цуглуулчихаад, өөрсдөө таашаал авах гэж байгаа юм шүү дээ. Мэдээж үзэгчдээ ч бас хөгжөөнө.
-Хаянаа, Дээгий, Сүхээ гурав аль хэдийнэ бие даасан цомгоо гаргасан. Та үзэгчдэдээ цомог гаргана гэж амласан боловч одоо болтол сураггүй?
-Хүмүүс намайг хамтлагтаа бага дуулдаг гэх мэтээр олон талаар шүүмжилдэг. Би бага дуулдагтаа биш л дээ. Хамтлаг гэхээрээ дөрвөн ижил хоолойгоор дуулдаг юм биш. Хөвгүүдийн хамтлаг нэг хоолойд суурилсан янз бүрийн хоолойноос бүрддэг. Магадгүй хүмүүс энэ талаар бага мэдлэгтэйгээсээ болж тэгж ярьдаг байх.
Мөн таны хэлсэнчлэн бие даасан цомог гаргаагүй гэдэг шүүмжлэл намайг байнга дагаж явдаг. Өнгөрсөн хугацаанд би өөр салбарт ажилласан учир үнэхээр зав гарсангүй. Яг хугацаа товлож амлахгүй ээ. Гэхдээ маш сайн цомог гаргана.
-Зав цаг гарган, ярилцсанд баярлалаа. Удахгүй бие даасан цомгийн тань нээлтэн дээр уулзахын ерөөл дэвшүүлье.
-Баярлалаа. Түүнээс өмнө есдүгээр сарын 29, 30-нд “Номин талст” хамтлагийн 15 жилийн ойн баяр дээр уулзъя.
Эх сурвалж: "Өглөөний сонин"