Гудамж, байшингийн хана, хашаан дээр “эсэргүүний үзэл” үнэртүүлсэн зүйлс зурж, бичдэг залуусыг ихэнх хүн “хулигаан” хэмээн нэрлэдэг байв. Зарим нь тэднийг вандалист гэх нь ч бий. Тэдгээр “вандалистууд”-ын давалгаа 1960-аад оны үеэс Америк, Их Британид түрсэн юм. Тухайн үед бий болсон хип хоп хөгжимтэй зэрэгцэн гудамжны урлаг гэгдэх граффити арт ч хөгжиж эхлэв. Нийгмийн муу муухай бүхнийг арчаагүй иргэдтэй нь илчлэн харуулсан тэдгээр зургаа залуус олон нийтийн газар зурдаг байсан нь одоо ч хэвээр. Зураг зурах цаас, даавуу олдоогүйдээ бус өөрсдийн үзэл бодол, үгийг бусдад хүргэх гэсэндээ тэд ийн албан газруудын ханан дээр эрээчдэг байсан хэрэг. Аажмаар нийгэм ч граффитийг хүлээн зөвшөөрч, урлагийн нэгэн төрөлд тооцох болсон юм. Монголд 2000 оны үеэс энэхүү урлаг мөн л хана, хашаан дээр хөгжиж эхэлсэн. Тэр дундаа Нарны замын дагуух бетонон хашаанууд Монголын граффит урлагийн бүтээлээр дүүрэн. Магадгүй олон эхлэн сонирхогчид тэнд дадлагаа хийсэн биз. Тэгвэл өдгөө энэ төрлийн уран бүтээлчид нэгдэн бүлэг, хамтлаг байгуулахын зэрэгцээ бие даасан үзэсгэлэн гаргах болсны нэг нь “Өнгө дизайн” холбооноос жил бүр зохион байгуулдаг “Street art” үзэсгэлэн юм. ҮСАХ-нд ирэх баасан, ням гаригт зохион байгуулах уг үзэсгэлэнд граффит чиглэлээр бүтээл туурвидаг зураачдаас гадна амьд хөгжмийн хамтлаг дуучид оролцоно. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр уралдаан тэмцээн, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах бөгөөд оролцох, үзэхийг хүссэн хүн бүрт нээлттэй аж.